Sun Logo

Бодлого, төлөвлөгөө

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 13 өдөр                                                                                                           Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Дугаар 52

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-г 2 дугаар хавсралтаар, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.     

2.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:

1/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

2/Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;

3/Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас баталсан дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх арга хэмжээг авах;    

4/“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 5 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.      

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.

5.“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад тусгагдсан тул “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 

 

Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 сарын 28 өдөр                                                                                                                            Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Дугаар 23

  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, түүний хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх  түвшинг 1 дүгээр хавсралтаар, Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Л.Энх-Амгалан/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

МОНГОЛ УЛСЫГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

Зорилго 1.Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлнэ.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Үндэсний бахархал, эв нэгдэл

Зорилт 1.1.Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтын үнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлнэ:

1.1.1.уран бүтээл, утга зохиолд үндэсний бахархлыг сэргээх агуулгыг тусгаж, Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзлийг сэргээнэ.

1.1.2.үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлэх, үндэсний дархлаа бий болгох аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоно.

1.1.3.төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг үндэсний онцлогийг шингээсэн агуулгаар баяжуулна.

1.1.4.соёлын өвийг хамгаалах тогтвортой механизм бүрдүүлнэ.

1.1.5.соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Нүүдлийн соёл иргэншилт Монгол

Зорилт 1.2.Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлнэ:

1.2.1.өв соёл, зан заншлаа дээдэлсэн, бүтээлч, оюунлаг, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг төлөвшүүлж, монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх цогц арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.

1.2.2.нүүдлийн соёл, иргэншлийн судалгааны төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

1.2.3.үндэсний сор бүтээл, брэнд, үндэсний шинэлэг бүтээл зэргийг монгол үндэсний нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээнэ.

1.2.4.хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг байгуулах ажлыг эхлүүлнэ.

Монгол хэл, бичиг

Зорилт 1.3.Үндэсний Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ:

1.3.1.бүх шатны сургалтын байгууллагад Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлж, хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлнэ.

1.3.2.Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлнэ.

Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл

Зорилт 1.4.Үнэт зүйлийн болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлийн судалгааг салбар бүрээр хийж, нийтийн хүртээл болгоно:

1.4.1.үнэт зүйлийн судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж бүртгэн, мэдээллийн сан бий болгож, судалгааны эргэлтэд оруулна. 

1.4.2.олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлийн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлж, нийтийн хүртээл болгоно.

Дэлхийн Монгол

Зорилт 1.5.Олон улс дахь Монгол үндэсний үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлж, монгол соёлын хүрээг тэлнэ:

1.5.1.Монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

1.5.2.хилийн чанадад байгаа Монгол Улсын соёлын өвийг бүртгэх ажлыг зохион байгуулна.

1.5.3.үндэсний соёл, урлаг, зан заншил, ахуй, спорт, хоол хүнс судлалыг хөгжүүлж, өргөжүүлнэ.

ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖИЛ

Зорилго 2.Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх тогтолцоог бэхжүүлж, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, ёс суртахуунтай, дэлхийд үнэлэгдэх Монгол хүнийг төлөвшүүлж, гэр бүлд ээлтэй хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Боловсрол

Зорилт 2.1.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ:

2.1.1.сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2.1.2.ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж,  олон улсын үнэлгээнд хамруулна.

2.1.3.Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагад хэрэгжүүлнэ.

2.1.4.төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгоно.

2.1.5.хөгжлийн тэргүүлэх чиглэл болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно.

2.1.6.Засгийн газрын тэтгэлгээр дотоод, гадаадад суралцагчидтай гэрээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн захиалгатай уялдуулан мэргэжлээр нь томилон ажиллуулдаг болгоно.

2.1.7.багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангана.

2.1.8.газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, ашиглалт, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн, тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.

2.1.9.цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

2.1.10.цахим, зайн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоон, сургалтын платформыг хөгжүүлэн багш нарын оролцоог дэмжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн насан туршийн тогтолцоог бэхжүүлнэ.

2.1.11.боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүх түвшинд хөгжүүлж, бусад салбарын  мэдээллийн сантай холбон, бодлого, төлөвлөлт, статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээнд ашиглан, боловсролын үйлчилгээг цахимжуулна.

2.1.12.олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ.

Эрүүл мэнд

Зорилт 2.2.Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэл хийнэ:

2.2.1.халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, илрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд шинэчлэн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлнэ.

2.2.2.хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулна.

2.2.3.оношилгоо, эмчилгээний уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр иргэд оршин байгаа газар нутагтаа бүрэн оношлогдох, эмчлэгдэх боломжийг бүрдүүлнэ.

2.2.4.яаралтай тусламжийн чанар, хүртээмж, чадавхыг үндэсний түвшинд сайжруулж, парк шинэчлэлийг хийнэ.

2.2.5.гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг ханган, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх замаар улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын үр ашгийг дээшлүүлж, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээлийг бууруулна.

2.2.6.эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэж, өдөр тутмын оношилгоо, үйлчилгээнд алсын зайн технологийг бүрэн нэвтрүүлнэ.

2.2.7.эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

2.2.8.эрүүл мэндийн салбарын  хүний нөөцийн  ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулна.

Гэр бүл

Зорилт 2.3.Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжинэ:

2.3.1.хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.

2.3.2.хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, төлөвшлийг дэмжихэд эцэг, эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ.

2.3.3.залуу гэр бүлийг дэмжсэн орчин нөхцөл сайжирна.

2.3.4.хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.

2.3.5.хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгоно.

Шинжлэх ухаан, технологи, инновац

Зорилт 2.4.Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ:

2.4.1.шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг үе шаттай нэмэгдүүлнэ.

2.4.2.шинжлэх ухаан, технологи, инновацын хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, чадавхжуулах нэгдсэн бодлого хэрэгжүүлж, эрдэм, шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлнэ.

2.4.3.эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төв”-үүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

2.4.4.шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг татварын бодлого, эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн эрх зүйн шинэчлэлт хийгдэнэ.

2.4.5.шинжлэх ухаан, технологи, инновацын дэд бүтцийг бий болгож, төрөлжсөн нээлттэй лабораторийг байгуулж, шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгыг ашиглалтад оруулна.

2.4.6.эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлсэн байна.

2.4.7.шинжлэх ухаан, технологи, инновацын статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог олон улсын нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.

2.4.8.хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна.

2.4.9.шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиудад байгуулна.

Хүнд ээлтэй амьдрах орчин

Зорилт 2.5.Эрүүл баталгаат орчныг бий болгоно:

2.5.1.хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох чадвартай болж, хүнсний аюулгүй байдал хангагдана.

2.5.2.орон сууц, ногоон байгууламжийн стандартыг олон улсын түвшинд хүргэж, шинэчилнэ.

2.5.3.агаар, ус, хөрсний бохирдол болон дуу чимээг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлнэ.

2.5.4.эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.

2.5.5.хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.

2.5.6.хот суурины үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  

Хөдөлмөрийн зах зээл  

Зорилт 2.6.Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлнэ:

2.6.1.хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг шинэчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгоно. 

2.6.2.ажилгүйдлийн даатгалын тогтолцоо боловсронгуй болж, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг үр дүнд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлэн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

2.6.3.оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим, зайн ажлын байрыг нэмэгдүүлнэ.

2.6.4.албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийг сайжруулна.

2.6.5.төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.  

Монгол хүний удмын сан

Зорилт 2.7.Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээж, дэмжинэ:

2.7.1.хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээнэ.

2.7.2.цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.

2.7.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ.

2.7.4.хүн амын удмын сан, нөхөн үржихүйг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгоно.

ГУРАВ.АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

Зорилго 3.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, хүн амыг орон сууцаар хангах тогтолцоог бий болгож, дундаж давхаргын хүрээг тэлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэл

Зорилт 3.1.Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилнэ:

3.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан  байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ. 

3.1.2.иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болж, дансны үлдэгдлийн тодорхой хувийг гэр бүлдээ өвлүүлэх нийгмийн даатгалын шинэчлэл хийгдэнэ.

3.1.3.нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ ил, тод нээлттэй, чирэгдэлгүй болно.

3.1.4.хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлнэ.

3.1.5.нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.

Орлогод нийцсэн орон байр

Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий  сууцаар хангах тогтолцоог бүрдүүлнэ:

3.2.1.нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулдаг тогтолцоог бий болгоно.

3.2.2.үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлж эхэлнэ.

3.2.3.өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий  сууцаар хангах тогтолцоог бий болгоно.

3.2.4.барилгын цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулж, бага өртөгтэй орон сууцаар хангах тогтолцоог бүрдүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес

Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлт, бүтээлч санаачилга, хандлага болон ур чадварыг хөгжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлнэ:

3.3.1.залуучуудад бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

3.3.2.бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих орчин бэхжиж, төлөвшинө.

3.3.3.малчид, тариаланчдыг бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоно.

3.3.4.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ. 

3.3.5.хоршооны тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна.

Дундаж давхаргыг дэмжсэн санхүүжилт

Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлнэ:

3.4.1.зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.  

3.4.2.санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулна.

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг

Зорилт 3.5.Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ:

3.5.1.хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.

3.5.2.иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмж нэмэгдэнэ.

3.5.3.нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон хөгжүүлнэ.

3.5.4.мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын чадвар, амжилт дээшилсэн байна.

3.5.5.хоол, хүнсний тухай боловсрол олгох талаар сургалтын хөтөлбөрт тусгана.

Газрын харилцаа

Зорилт 3.6.Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ:

3.6.1.газрын харилцаа, хот байгуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хотуудын зэрэглэлийг тогтоосон байна.

3.6.2.хаягжилтын нэгдсэн системийг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулна.

3.6.3.газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлнэ.

3.6.4.Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулж, нийт нутаг дэвсгэрийг бүх төрлийн масштабын байр зүйн зургаар бүрэн хангана.

3.6.5.газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ.

3.6.6.хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн оновчтой бүтэц, хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, орон зайн төлөвлөлтийг хийнэ.

ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ

Зорилго 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга нэмэгдэж, ядуурал буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, нефть, шатахууны дотоодын хэрэгцээг өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа дээшлүүлсэн улс болно.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Чинээлэг монгол

Зорилт 4.1.Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн  засгийн  тогтвортой  байдлыг  алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ:

4.1.1.Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийн дарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.

4.1.2.төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болгоно.

4.1.3.гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлнэ.

4.1.4.эдийн засаг жил бүр тогтвортой өсөж, ажил эрхлэлтийг тасралтгүй нэмэгдүүлнэ.

4.1.5.бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

4.1.6.хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ.

4.1.7.төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжиж, тогтвортой нэмэгдүүлнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд

Зорилт 4.2.Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ:

4.2.1.хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдүүлнэ.

4.2.2.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

4.2.3.үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

4.2.4.бүтээлч үйлдвэрлэл (соёл урлаг, кино урлаг, дуу хөгжим, дизайн, архитектур)-ийн хөгжлийн бодлогын суурь тавигдана.

4.2.5.мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.

4.2.6.боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

4.2.7.эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрчим хүч, инженерийн дэд бүтцийг хөгжүүлнэ.

4.2.8.цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.

4.2.9.олон улсын чанартай тээвэр, логистикийн төвүүдийг байгуулсан байна.

4.2.10.агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлсэн байна.

4.2.11.эрдэс баялгийн экспортын зонхилох хувийг эзэлж байгаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть зэргийг нэмүү өртөг, үнэ цэнэ шингээн боловсруулж, экспортлох хүрээнд нүүрс-химийн, зэсийн баяжмалын, төмөрлөгийн зэрэг хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэн яаралтай эхлүүлж, ашиглалтад оруулах, түүнд шаардлагатай дэд бүтэц болох төмөр зам, ус, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлнэ.

4.2.12.улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

4.2.13.Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн 20 МВт-ийн цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн, хөрш зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.

4.2.14.Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний дутагдлыг арилгах зорилгоор шаардлагатай агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийн шинэчлэл, барилгын ажлыг хэрэгжүүлнэ.

4.2.15.Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой  холбосон автозамуудыг барина.

4.2.16.эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлнэ.

Ухаалаг санхүүгийн зах зээл

Зорилт 4.3.Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлнэ:

4.3.1.хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, биржийн бус болон үүсмэл санхүүгийн зах зээл дээр хийгдэж байгаа арилжааны дүнг өсгөнө.

4.3.2.даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

4.3.3.бичил санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулан эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааны хүрээг тэлнэ.

4.3.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.

4.3.5.банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдал хангагдана.

 Бүс нутгийн хамтын ажиллагаа

Зорилт 4.4.Хөрш орнуудтай хамтран эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Евразийн эдийн засгийн холбоо, Бүгд Найрамдах Солонгос Улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах эсэх талаар урьдчилсан судалгааг эхлүүлнэ:

4.4.1.Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын эдийн засгийн коридорыг хөгжүүлж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ.

4.4.2.гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ.

4.4.3.Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх бэлтгэл ажлыг хангаж, худалдааг хөнгөвчилнө.  

4.4.4.экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөхөд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн

Зорилт 4.5.Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ:

4.5.1.судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан, гадаад зах зээлд чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

4.5.2.бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог кластерын зарчмаар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Үндэсний баялгийн сан

Зорилт 4.6.Баялгийн сан байгуулж, санхүүгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ:

4.6.1.хөрөнгийн удирдлагыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, санхүүгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн дэмжих, хөрөнгийн хуримтлалыг бий болгох тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэн байна.

ТАВ.ЗАСАГЛАЛ

Зорилго 5.Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Ухаалаг засаглал

Зорилт 5.1.Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлнэ:

5.1.1.эрх мэдлийг тэнцвэржүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

5.1.2.Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

5.1.3.нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.

5.1.4.XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлнэ.

Ухаалаг бүтэц

Зорилт 5.2.Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бий болгоно:

5.2.1.төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах шинэчлэл хийгдэж эхэлнэ.

5.2.2.хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн оновчтой зохицуулалт хийгдэнэ.

5.2.3.гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшинэ.

Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)

Зорилт 5.3.Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлнэ:

5.3.1.цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбоно.

5.3.2.цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болгож хөгжүүлэх нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болгоно.

5.3.3.төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.

5.3.4.төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал нэмэгдэж, иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ.  

Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба

Зорилт 5.4.Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ:

5.4.1.чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн төрийн алба төлөвшүүлнэ.

5.4.2.сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгоно.

5.4.3.төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ. 

5.4.4.төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих таатай орчныг бүрдүүлнэ.

5.4.5.төрийн үйлчилгээний чанарын стандарт бий болж, төрийн үйлчилгээнд иргэд, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдэн, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээний соёл төлөвшүүлнэ. 

5.4.6.төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд Шилэн дансны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийн мэдээлэл авах эрхийг дээдлэн ажиллаж, холбогдох хуулийн дагуу иргэний шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцдог болно.

5.4.7.орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулна.

Хүний эрхийг дээдэлсэн нийгэм

Зорилт 5.5.Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон талт түншлэлийг хөгжүүлнэ:

5.5.1.хүний эрхийг хангасан хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.

5.5.2.төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хүний эрхийг хамгаалахад хамтарч ажиллах тогтолцоо төлөвшүүлнэ.

5.5.3.хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх,  монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

 5.5.4.шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байлгаж, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээж ажиллана.

Авлигагүй засаглал

Зорилт 5.6.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлнэ:

5.6.1.нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.

5.6.2.авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгана.

5.6.3.төрийн бүх шатанд авлигыг таслан зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.             

ЗУРГАА.НОГООН ХӨГЖИЛ

Зорилго 6.Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэвшилтэт ногоон технологи нэвтрүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлж хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Эх байгаль анхдагч экосистем

Зорилт 6.1.Цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистем бүхий газар нутгийг судалж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн эдийн засгийн үр өгөөжийг үнэлнэ:

6.1.1.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэж, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна. 

6.1.2.Монгол орны ургамал газарзүйн 4-өөс доошгүй тойргийн ашиглалтад өртөмтгий 200 зүйл ургамал, 10 зүйл амьтны тархац нөөцийг тогтоож, Олон улсын улаан дансны шалгуураар 600 зүйл амьтан, ургамлыг нарийвчлан үнэлж, ховордлын шалтгааныг тодорхойлно. 

Байгалийн баялгийн үр өгөөж

Зорилт 6.2.Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлж, доройтсон орчныг нөхөн сэргээж нөөцийн хомсдолыг бууруулах, ашиглалтын нөөц бий болгоно:

6.2.1.хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна.

6.2.2.нэн ховор, ховор амьтан, ургамлын нөөц, ховордсон зүйлийг хамгаалж,  нөхөн сэргээж, ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлыг зориудаар үржүүлэн тарималжуулж ашиглалтын нөөц бий болгоно.

6.2.3.байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулж, стандарт, хэм хэмжээг мөрдүүлэн, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог хангана.

6.2.4.хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газрыг 22.9 хувиас нэмэгдүүлэхгүй тогтоон барьж, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ.

6.2.5.ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.

Үнэт баялаг ус

Зорилт 6.3.Усны хуримтлал, ус хангамжийг нэмэгдүүлж, усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ:

6.3.1.усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг сайжруулж, усны бохирдол, хомсдолыг бууруулна.

6.3.2.газрын байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, томоохон голууд дээр урсцын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьж эхэлнэ.

6.3.3.нийт хүн амын 85-аас доошгүй хувийг шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангасан байна. 

6.3.4.нийт газар нутгийн 23 хувьд гидрогеологийн дунд масштабын зураглал хийж, усны нөөц баялгийн мэдээллийн бааз суурийг өргөжүүлж, төлөвлөлт, менежмент хийх боломж бүрдүүлнэ. 

Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжил

Зорилт 6.4.Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай цэвэр технологи нэвтрүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлнэ:

6.4.1.төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан үндэсний ногоон санхүүгийн корпорац (НСК) байгуулан ногоон эдийн засгийг дэмжих төсөл, хөтөлбөрийн санхүүгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлнэ.

6.4.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна.

6.4.3.ус, цаг уурын ажиглалтын болон орчны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулна.

6.4.4.хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулна.

6.4.5.Засгийн газрын ногоон худалдан авалтын эзлэх хувийг нэмэгдүүлж, 20 хувьд хүргэнэ.

6.4.6.хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээ 27 хувьд хүрнэ. 

6.4.7.аймгийн төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдэж, хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.

ДОЛОО.АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ НИЙГЭМ

Зорилго 7.Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангана.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Зэвсэгт хүчин

Зорилт 7.1.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ:

7.1.1.мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, алба хаагчдын амьдрах нөхцөл шинэчлэгдэж, хугацаат цэргийн алба хаагч иргэдийн хувийг нэмэгдүүлнэ.

7.1.2.орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.

7.1.3.энхийг дэмжих ажиллагаа болон улс орны стратегийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоо, чадавхыг нэмэгдүүлнэ.

7.1.4.батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн хангалт, бэлэн байдал дээшилнэ.

Дархан хил

Зорилт 7.2.Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бүсчилсэн хил хамгаалалтыг хөгжүүлэн холбоо, зэвсэглэл, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлнэ.

7.2.1.хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг боловсронгуй болгоно.

7.2.2.хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактик шинэчлэгдэнэ.

7.2.3.улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган  нэвтрүүлэх  үйл  ажиллагаанд  орчин  үеийн холбоо, зэвсэглэл, техник, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, арга туршлагыг нэвтрүүлж, албаны бэлэн байдал дээшилнэ.

7.2.4.гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлнэ.

Хүн, нийгмийн амар тайван байдал

Зорилт 7.3.Уламжлалт бус аюулын хүчин зүйлсийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ:

7.3.1.үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийг гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэх тогтолцоонд инновацад суурилсан техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, нөлөөллийн арга хэмжээг цогцоор хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлж, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлнэ.

7.3.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

7.3.3.орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэн, тогтолцоог бэхжүүлнэ.

7.3.4.үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна.

7.3.5.архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлж, архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

7.3.6.иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлнэ.

Хууль сахиулах салбарын хөгжил

Зорилт 7.4.Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлнэ:

7.4.1.дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайжруулна.

7.4.2.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах боломж, нөхцөлийг дээшлүүлнэ.

7.4.3.шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, чадавхыг дээшлүүлнэ.

7.4.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.

7.4.5.мал хулгайлах гэмт хэргийг бууруулна.

7.4.6.хууль зүйн туслалцааны үйлчлэх хүрээг өргөжүүлж, төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, зарим эрүүгийн хэргийн хохирогч, иргэний болон захиргааны зарим хэргийн төлбөрийн чадваргүй оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

7.4.7.хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлнэ. 

Мэдээллийн аюулгүй байдал

Зорилт 7.5.Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлнэ:

7.5.1.кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.

7.5.2.мэдээлэл, технологи, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамжийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн тогтолцоо бүрдэж, технологийн хараат байдал буурч, кибер гэмт хэрэг, кибер халдлагатай тэмцэх чадавх дээшилсэн байна.

НАЙМ.БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Зорилго 8.Үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлнэ.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Дэд бүтэц

Зорилт 8.1.Эдийн засгийн тэргүүлэх бүс нутаг, салбаруудыг дэд бүтцээр холбоно:

8.1.1.Өрнө-Дорнын бүсийн орнуудыг холбох дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн авто зам болон хойд, урд хөршийг холбох зарим бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

8.1.2.стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон төмөр зам, авто замуудыг барьж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлнэ.

8.1.3.байгаль орчинд ээлтэй, эрэлтэд нийцсэн, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлнэ.

8.1.4.орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын урьтаж анхааруулах мэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборыг аймгууд, аюулын эрсдэл өндөртэй зарим сумдад үе шаттайгаар байгуулна.

8.1.5.чөлөөт бүс, хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. 

8.1.6.орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, үйл ажиллагааг өргөжүүлж, агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

8.1.7.инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг зам, тээврийн салбарт нэвтрүүлж, ухаалаг тээврийн нэгдсэн тогтолцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

8.1.8.бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ.

8.1.9.Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай автозамыг барих ажлын эхлүүлнэ.

8.1.10.аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8.1.11.Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан, барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замын дагуух сумдыг улсын чанартай автозамтай үе шаттай холбох ажлын эхлүүлнэ.

Аялал жуулчлал

Зорилт 8.2.Үндэсний онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ:

8.2.1.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.

8.2.2.“Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор” байгуулж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттай зохион байгуулж, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

8.2.3.тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг аймагт хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлогыг нэмэгдүүлнэ.

Тогтвортой хөдөө аж ахуй

Зорилт 8.3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ:

8.3.1.гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

8.3.2.Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

8.3.3.бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангана.

8.3.4.малын чанар, ашиг шимийг сайжруулж, малын тоог чанарт шилжүүлж малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжинэ.

8.3.5.мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжинэ.

8.3.6.тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, голлох нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, бусад ашигт таримлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

8.3.7.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр, борлуулалтын ложистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

8.3.8.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үнэ цэний сүлжээг хөгжүүлж, эдийн засгийн чадамж, үр өгөөжийгсайжруулна.

8.3.9.мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

8.3.10.жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд зориулан санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж, төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ур чадварыг хөгжүүлэн  өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

8.3.11.усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.

8.3.12.малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.

8.3.13.хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, малын үүлдэр, угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэгчдийг дэмжих “Шинэ хөдөө” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

8.3.14.малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулна.

8.3.15.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулна.

ЕС.УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

Зорилго 9.Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ.

Зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүн:

Хүн төвтэй хот

Зорилт 9.1.Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ:

9.1.1.нийгмийн үйлчилгээний байгууллагуудын (сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллага, залуучууд хөгжлийн төв, хүүхэд хамгаалах төв, асрамжийн газар гэх мэт) хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

9.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэгдсэн зохицуулалттай, бүсчилсэн сүлжээг байгуулж, тогтвортой үйл ажиллагааг хангана.

9.1.3.хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.  

Орчин төвтэй шийдэл

Зорилт 9.2.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж, нөхөн сэргээх, хариуцлагатай, хэмнэлттэй хэрэглээг бий болгоно:

9.2.1.Улаанбаатар хотын  агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

9.2.2.хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд технологийн шинэчлэл хийж бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг дэмжих тогтолцоотой болгоно.

9.2.3.ногоон барилгын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно.

9.2.4.олон улсын стандартад нийцсэн унадаг дугуйн болон явган хүний зам барьж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлнэ.

Төлөвлөлт төвтэй хөгжил

Зорилт 9.3.Хотын төвлөрлийг задалж дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ухаалаг технологийн шинэчлэл хийнэ:

9.3.1.соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв баригдаж төвлөрлийг бууруулна.

9.3.2.хот дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

9.3.3.инженерийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ технологийг нэвтрүүлнэ.

9.3.4.олон төрөлт, ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна. Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай байна.

9.3.5.Богд уулыг тойрсон “Хөгжлийн алтан тойрог” байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна.

Хотын сайн засаглал

Зорилт 9.4.Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчныг бүрдүүлнэ:

9.4.1.хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатны төлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгоно.

9.4.2.Нийслэл эдийн засгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

9.4.3.Дархан, Эрдэнэт болон бусад том хотуудыг улсын зэрэглэлтэй болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.

Дагуул хот

Зорилт 9.5.Хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүс нутгийг тэлнэ:

9.5.1.олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

9.5.2.Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв болгох ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад бүрэн оруулна.

9.5.3.Улаанбаатар хотод сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг хотоос шилжүүлж эхэлсэн байна.

9.5.4.дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

9.5.5.хот, тосгоныг холбосон хурдны тойрог зам дагуу аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж, монгол брэндийн худалдааны төвийг нээн ажиллуулна.

9.5.6.цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болох Улаанбаатар хотын дагуул хотыг барьж байгуулна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 сарын 28 өдөр                                                                                             Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Дугаар 24

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

2/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

3/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх;

4/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглан санхүүжүүлэх.

3.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай. 

4.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 

 

ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Монгол Улсын Их Хурлын ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналуудад үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулахдаа халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, дараах зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүллээ.

НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ,   НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

 

1.1.“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,  нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.1.1.“Ковид-19” халдварт цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:

1.1.1.1.хүүхдийн мөнгөн тэтгэмжийн цар тахлын үеийн нэмэгдлийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгоно.

1.1.1.2.нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 2020 оны 10 дугаар сараас хойш хэсэгчлэн үргэлжлүүлнэ.

1.1.1.3.жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээг 2020 оныг дуустал үргэлжлүүлнэ.

1.1.1.4.түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод 2020 оныг дуустал татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлнэ.

1.1.1.5.аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.2.“Ковид-19” халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ:

1.1.2.1.цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зарцуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

1.1.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зориулсан санхүүжилтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлнэ.

1.1.2.3.сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулна.

1.1.2.4.Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилчдад олгох цалин, урамшуулал, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

1.1.3.Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана:

1.1.3.1.хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлнэ.

1.1.3.2.шаардлагатай аймгуудад зоонозын өвчин судлалын төв, хил дагуух боомтод тандалтын нэгж байгуулна.

1.1.3.3.шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

1.1.3.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нөөцийн агуулах шинэчлэн барьж, ашиглалтад оруулна.

1.1.3.5.өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулна.

1.1.3.6.шинэ коронавирусийн халдварыг тодорхойлох оношлуурыг дотооддоо бүтээн, туршиж, хэрэглээнд нэвтрүүлнэ.

1.1.3.7.аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийг РТ-ПСР төхөөрөмжөөр хангана.

1.1.4.“Ковид-19” халдварт вирусийн оношилгоо, эмчилгээнд зориулж импортлох оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оныг дуустал үргэлжлүүлэн чөлөөлнө.

1.1.5.Экспортыг дэмжих санхүүгийн шийдлүүдийг боловсруулж, экспортод гаргах бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ.

1.1.6.Нүүрс, бусад уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлнэ. Худалдааны түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлнэ.

1.1.7.Цар тахлаас үүдсэн эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн дэмжлэг, туслалцааг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжлийн түнш улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

1.1.8.Гадаад улсад байгаа иргэнээ татан авах ажлыг эрчимжүүлнэ.

1.1.9.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чөлөөт мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах замаар Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээ, зардлыг бууруулах арга хэмжээг авна.

1.1.10.Засгийн газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө төлүүлэх, хямдруулан худалдах, дампуурсан банкнуудын эрх хүлээн авагчдаас авах төрийн байгууллагуудын авлагыг Монголбанканд шилжүүлэх зэргээр Засгийн газрын санхүүгийн нөөцийг нэмэгдүүлнэ.

1.1.11.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сургалтын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.

1.1.12.Цахим сургалтын платформ бий болгож, цахим агуулга хөгжүүлж, бэлтгэнэ. Зурагт болон интернэтгүй өрх, хүн амыг цахим сургалтад хамрагдах боломжийг бий болгохын тулд тохирсон сургалтын хэлбэр, хувилбаруудыг судалж, бэлтгэнэ.

1.1.13.Цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

1.1.14.Боловсролд зориулсан зардлыг урьдчилан нөөцлөх, орон нутгийн төсвийн орлогыг зарцуулах, боловсролд дутагдаж байгаа зардлыг шийдвэрлэнэ.

1.1.15.Багш, сурагч, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж, сурагчийн сургууль завсардалтын эрсдэлийг тооцоолно.

ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Эрүүл мэнд

2.1.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

2.1.1.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:  

2.1.1.1. “Эрүүл, идэвхтэй амьдрал” арга хэмжээ;

2.1.1.2. “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” арга хэмжээ;

2.1.1.3. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээ;

2.1.1.4. “Хавдрын эсрэг” арга хэмжээ;

2.1.1.5. “Элэг бүтэн Монгол” арга хэмжээ;

2.1.1.6. “Харшлаас сэргийлэх” арга хэмжээ;

2.1.1.7. “Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээ.

2.1.2.“Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэнэ.

2.1.3.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлж, орчин үеийн үндэсний оношилгоо, эмчилгээний төвүүдийг шинээр байгуулна:

2.1.3.1.Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв;

2.1.3.2.Зүрх судасны үндэсний төв;

2.1.3.3.Сүрьеэгийн эмнэлэг;

2.1.3.4.Геронтологийн үндэсний төв;

2.1.3.5.Түлэнхийн төв;

2.1.3.6.Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар-II;

2.1.3.7.Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг-II.

2.1.4.Яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлнэ:

2.1.4.1.орон нутагт шаардлагатай газарт яаралтай тусламжийн цэг байгуулна.

2.1.4.2.эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангана.

2.1.4.3.яаралтай тусламж үйлчилгээнд агаарын үйлчилгээг /нисдэг тэрэг/ нэвтрүүлнэ.

2.1.4.4.түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийнэ.

2.1.5.Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, хууль, эрх зүйн орчныг бий болгоно.

2.1.6.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ.

2.1.7.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлж, эрсдэлийн сан байгуулна.

2.1.8.Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.

2.1.9.Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн шинэчлэл хийж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжинэ.

2.1.10.Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.1.11.Бүсийн эмнэлэг, оношилгооны төвийг үе шаттайгаар байгуулна.

2.1.12.Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.

2.1.13.Өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгож, санхүүжилтийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэнэ.

2.1.14.Нүхэн жорлонтой эмнэлгийг үе шаттайгаар орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно.

Биеийн тамир, спорт

2.2.Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.

2.2.1.Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.

2.2.2.Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулахад төрөөс бодлогоор дэмжиж, үндэсний спортын төв байгуулж, гадаад улсын баг тамирчдыг оролцуулах тэмцээн, наадмын тогтолцоог хөгжүүлнэ.

2.2.3.Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийг барина.

Боловсрол

2.3.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.

2.3.1.Яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

2.3.2.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхэд бүрийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2.3.3.Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын PISA үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.

2.3.4.Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.

2.3.5.Мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог төгсөгчдийн мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтийн тогтолцоог бий болгож, судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлнэ.

2.3.6.Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

2.3.7.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлнэ.

2.3.8.“Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ.

2.3.9.Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах бүтээн байгуулалтыг хийнэ:

2.3.9.1.273 цэцэрлэг ашиглалтад оруулах;

2.3.9.2.200 шинэ сургууль ашиглалтад оруулах;

2.3.9.3.тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчилж, өргөтгөх;

2.3.9.4.жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох.

2.3.10.Цэцэрлэг, дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны зардлыг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан 2-оос доошгүй дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” арга хэмжээг “Үдийн хоол” болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангана.

2.3.11.Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын хичээлийн агуулга, хөтөлбөрийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана.

2.3.12.Цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдэд насан туршдаа суралцахуйг дэмжих боломжийг бүрдүүлнэ.

2.3.13.Боловсролын хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, чадавхыг дээшлүүлнэ.

2.3.14.Төрийн өмчийн их, дээд сургуулиудын судалгааны болон бусад зардалд төрөөс зарим дэмжлэг үзүүлнэ.

2.3.15.Орон нутаг дахь мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

2.3.16.Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох эрх зүйн шинэтгэл хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухаан, технологи, инновац

2.4.Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан үндэсний төвүүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлсэн байна.

2.4.1.Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлнэ.

2.4.2.Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлж, олон улсын стандартад нийцүүлнэ.

2.4.3.Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

2.5.Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, нийгмийн халамжийг оновчтой болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.

2.5.1.Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.

2.5.2.Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

2.5.3.Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ.

2.5.4.Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний систем нэвтрүүлж, зайнаас болон цагаар ажиллах уян хатан зохицуулалт бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

2.5.5.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

2.5.6.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно.

2.5.7.Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна.

2.5.8.Гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ.

2.5.9.Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

2.5.10.Томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцүүлнэ.

2.5.11.Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хотхон, дадлагын бааз байгуулж, санхүүгийн бие даасан байдлыг хангана.

2.5.12.“Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг тэдний хүнс, тэжээлийн хэрэгцээ, бие бялдар, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хуримтлал бий болгоход зарцуулах тогтолцоог бүрдүүлнэ.

2.5.13.Тусгай хэрэгцээ /байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээл/-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжоор хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.5.14.Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.

2.5.15.Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийг дэмжих, эх орондоо эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн бирж бий болгоно.

Үндэсний бахархал, өв соёл

2.6.Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно. 

2.6.1.Үндэсний бахархал, монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн дараах барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна:

2.6.1.1.“Чингис хаан” хаад, язгууртны музейн шинэ барилга, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборууд;

2.6.1.2.Байгалийн түүхийн музейн шинэ барилга;

2.6.1.3.Үндэсний номын сангийн шинэ барилга;

2.6.1.4.Үндэсний урлагийн их театрын шинэ барилга;

2.6.1.5.Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лаборатори;

2.6.1.6.Хөвсгөл нуурыг түшиглэсэн “Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв”;

2.6.1.7.Хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр;

2.6.1.8.соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2.6.1.9.“Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна.

2.6.2.Соёл, урлагийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн үндэсний зорилтот арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлнэ:

2.6.2.1.“Цахим соёл” арга хэмжээ;

2.6.2.2.“Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээ;

2.6.2.3.“Сонгодог урлаг-III” арга хэмжээ;

2.6.2.4.“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-II” арга хэмжээ;

2.6.2.5.“Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ.

2.6.3.Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ:

2.6.3.1.монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх “Монголын соёлын төв”-ийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна.

2.6.3.2.олон улсад өрсөлдөх чадвар бүхий соёл урлагийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэж, ажлын байраар хангах тогтолцоог сэргээнэ.

2.6.3.3.үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, соёлын аялал жуулчлал, кино урлаг, сонгодог урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулан, эдийн засгийн эргэлтэд оруулна.

2.6.3.4.нүүдлийн соёл иргэншлийн суурь дээр тулгуурласан мэргэжлийн урлагийг хөгжүүлж, бүс нутаг, олон улсад өрсөлдөх чадвар бүхий монгол брэндийг бий болгож соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

2.6.3.5.соёлын удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, хүртээмжтэй, үр ашигтай механизмыг бүрдүүлэн соёлын үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэнэ.

2.6.3.6.иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан соёлын өвийг хамгаалах үр ашигтай, тогтвортой механизм бүрдүүлж, соёлын биет болон биет бус өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, цахим соёлын санг бүрдүүлнэ.

2.6.3.7.соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

2.6.4.Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ.

ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Санхүү, төсвийн зохицуулалт

3.1.Санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ.

3.1.1.Инфляцын зорилтот түвшин, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэх макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

3.1.2.Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг тогтворжуулж, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ.

3.1.3.Банкны салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийж, банк, санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг өртөг багатай санхүүжилтээр дэмжиж, банкны зээлийн сарын хүүг 1 хувиас хэтрүүлэхгүй болгож, эрсдэл даах чадамжтай болгоно.

3.1.4.Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулна.

3.1.5.Санхүүгийн түрээсийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.1.6.Иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх замаар мөнгө хүүлэлтийг таслан зогсооно.

3.1.7.Иргэн, хуулийн этгээд хөрөнгийн биржийн арилжаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурласан, цахим арилжааны дэд бүтцээр шууд оролцох боломжийг бүрдүүлнэ.

3.1.8.Банк, санхүүгийн систем дэх чанаргүй зээлийг шуурхай, зардал багатай шийдвэрлэх хууль, эрх зүйн шинэчлэл хийнэ.

3.1.9.Хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, санхүүгийн нөөцийг бүрдүүлнэ.

3.1.10.Гадаад худалдааг дэмжсэн гаалийн үйлчилгээг хялбаршуулж, иргэдийг хууль бус, хуурамч бараанаас сэргийлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураахад чиглэсэн гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

3.1.11.Татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын суурийг нэмэгдүүлнэ.

3.1.12.Төсөв, санхүүгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, үр ашигтай болгож, гадаадын зээл, тусламж, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод, хэмнэлттэй зарцуулах нөхцөл бүрдүүлнэ.

3.1.13.Бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ.

3.1.14.Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгоно.

3.1.15.Дотоодын давхар даатгал хөгжих, урт хугацааны даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, даатгалын салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулан салбарын тогтвортой өсөлтийг бүрдүүлнэ.

3.1.16.Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгана.

3.1.17.Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллана.

3.1.18.Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хилийн боомтуудын жишигт хүргэнэ. Хилийн заставуудын барилга, объектуудыг шинэчилж чанарыг сайжруулна.

3.1.19.Зах зээл болон байгалийн нөөц баялагт ойр, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна.

3.1.20.Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна.

3.1.21.Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгоно.

3.1.22.Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэр

3.2.Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ. Газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ.

3.2.1.Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ:

3.2.1.1.Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна.

3.2.1.2.“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөлтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ.

3.2.1.3.Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулна.

3.2.1.4.Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд өргөтгөл хийж, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж өртөг, зардлыг бууруулна.

3.2.1.5.Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.

3.2.1.6.Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.

3.2.2.Томоохон ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ:

3.2.2.1.Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглана.

3.2.2.2.Зүүн цагаан дэлийн жоншны далд уурхайг ашиглалтад оруулна.

3.2.3.Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ.

3.2.4.Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ.

3.2.5.Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна.

3.2.6.Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.

3.2.7.Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ:

3.2.7.1.хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлнэ.

3.2.7.2.Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна.

3.2.7.3.үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулна.

3.2.7.4.үнэт металлын сорьц тогтоох салбар лаборатори байгуулж, үнэт металлыг сорьцлох, эрдэнийн чулууг тодорхойлох үйл, ажиллагааг өргөжүүлж иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.2.7.5.Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.

3.2.8.Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна:

3.2.8.1.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөнө.

3.2.8.2.газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах, дамжуулах хоолой барих санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.

3.2.8.3.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.

3.2.9.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр

3.3.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

3.3.1.Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

3.3.2.Газар тариалан, хөдөө аж ахуйн төв Дархан, Сэлэнгэ бүс нутагт агротехникийн засвар үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.

3.3.3.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, махны экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

3.3.4.Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой байдлыг хангах, малын чанар, ашиг шимийг сайжруулж, малын тоог чанарт шилжүүлж малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, “Монгол мал-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.3.5.Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, сайжруулалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулна.

3.3.6.Малчдыг дэмжих анхдугаар аян зохион байгуулж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолж, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.  

3.3.7.Мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлыг хангах, сумдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдыг өвс тэжээл нөөцлөх сүлжээг бий болгоно.

3.3.8.Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээнэ.

3.3.9.Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.

3.3.10.Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

3.3.11.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчид, тариаланчдад төрөөс урамшуулал олгоно.

3.3.12.Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

3.3.13.Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлнэ.

3.3.14.Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

3.3.15.Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий багатай ногоон төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

Аялал жуулчлал

3.4.Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

3.4.1.Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ийг Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.

3.4.2.Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

3.4.3.Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын олон улсын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ.

3.4.4.Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.

3.4.5.Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аялал жуулчлалыг дэмжинэ.

3.4.6.Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

3.4.7.Хил орчмын аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

3.4.8.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлнэ.

3.4.9.Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж, салбарын чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.

Эрчим хүч

3.5.Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангана.

3.5.1.Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ:

3.5.1.1.Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар тус тус өргөтгөж шинэчилнэ.

3.5.1.2.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

3.5.1.3.Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөнө.

3.5.1.4.Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

3.5.1.5.төвийн, зүүн болон говийн бүсийн нүүрсний орд газруудыг түшиглэн 300-400 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.   

3.5.1.6.160 МВт.ц багтаамжтай цахилгаан цэнэг хураагуурын станц барина.

3.5.1.7.Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг хосолмол 50МВт-аар нэмэгдүүлнэ.

3.5.1.8.Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээ болон эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар хотын Дулааны II цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станцын ажлыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлнэ.

3.5.1.9.нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдэд дулааны станцын өргөтгөл шинэчлэлт хийх; эрчим хүчний шинэ эх үүсвэр, дэд станц шинээр бий болгоно.

3.5.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангана.

3.5.3.Төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулна. /Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Хэнтий аймагт дулааны станц барина./

3.5.4.Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах инновац, шинэ техник технологи нэвтрүүлж, эрчим хүчний үнэ тарифыг үе шаттайгаар зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.

3.5.5.Бүс нутгийн эрчим хүчний сүлжээг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбож, уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийн цахилгаан хангамжийг үе шаттайгаар шийдвэрлэж, ухаалаг систем бий болгоно. /Чойр-Сайншандын 230 км урттай 220 кВ-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина./ 

3.5.6.Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлнэ. /Салхины цахилгаан станцын 15 МВт-ын хоёр, нарны цахилгаан станцын 35 МВт-ын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ./

3.5.7.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэн орон нутагт хэрэгжүүлэх иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжийн томоохон төслийн эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хийнэ. /Хөшигийн хөндийд баригдах бүтээн байгуулалттай холбоотой дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг судалж, үе шаттай хэрэгжүүлнэ./

Тээвэр, логистик

3.6.Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулна.

3.6.1.Эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх зам тээврийн сүлжээг өргөжүүлнэ:

3.6.1.1.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлнэ.

3.6.1.2.Улаанбаатар төмөр замд техникийн болон парк шинэчлэлийг эхлүүлж, 200 км гол замд их засвар хийнэ.

3.6.1.3.Богдхан төмөр зам болон баруун босоо чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгана.

3.6.1.4.Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг, Налайх-Баян чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгож, Азийн авто замын сүлжээний АН-4 буюу Цагаан нуур-Улаан байшинт, Өлгий хотыг тойрсон хатуу хучилттай авто замыг барьж дуусган, Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн авто замыг үргэлжлүүлнэ.

3.6.1.5.Орхон-Дашинчилэнгийн замаас үргэлжлэх Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн авто замуудыг үргэлжлүүлнэ.

3.6.1.6.томоохон суурин газруудыг хилийн боомттой холбосон хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.

3.6.1.7.хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чойбалсан-Хавиргын хилийн боомтын чиглэлийн 124.5 км, Норовлин-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлүүлнэ.

3.6.1.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн 2022 км авто замыг барина.

3.6.1.9.эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлнэ.

3.6.1.10.Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 99.7 км авто замыг барина.

3.6.1.11.Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто замыг барина.

3.6.2.Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх замаар авто замын сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн авто замын санг бие даасан үйл ажиллагаанд шилжүүлнэ:

3.6.2.1.олон улсын болон улсын чанартай 14,918.7 км авто замын сүлжээнд их засвар, ээлжит засвар, арчлалтын ажлыг норм, нормативын дагуу гүйцэтгэнэ.

3.6.2.2.Онги, Түргэн, Байдраг, Хэрлэн, Ерөө, Орхон, Гичгэнэ, Чигэстэй голуудын нийт 1306.8 урт метр төмөр бетон гүүрэнд их засварын ажлыг хийнэ.

3.6.2.3.авто замын ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, төлбөр хураах цэгийн тоог нэмэгдүүлж бүрэн цахимжуулна.

3.6.3.Байгаль орчинд ээлтэй, эрэлтэд нийцсэн тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ:

3.6.3.1.нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цахилгаан болон байгалийн шатдаг хийгээр ажилладаг хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэлд бүрэн шилжүүлэн, цахилгаан болон байгалийн шатдаг хийгээр цэнэглэх сүлжээг бий болгоно.

3.6.3.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл болон орон нутагт ачаа, зорчигч тээврийн зориулалт бүхий терминалуудыг байгуулна.

3.6.3.3.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын Дуньзян боомтод олон улсын тээвэр, логистикийн төвийн төслийг эхлүүлнэ.

3.6.3.4.төмөр замын сүлжээг түшиглэн олон улсын стандартад нийцсэн хуурай боомтыг барьж байгуулна. Нийслэлийн Налайх дүүрэгт Улаанбаатар төмөр замыг түшиглэн олон улсын стандартад нийцсэн ачаа тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулна.

3.6.4.Агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөнийг бий болгож, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулна:

3.6.4.1.олон улсын нислэгийг өргөжүүлэх, аяллын дугаар хуваах зэргээр нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлнэ.

3.6.4.2.Ховд, Дорнод, Хөвсгөл аймгуудын нисэх буудлуудыг 4 С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх төслийг эхлүүлнэ.

3.6.4.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулна.

Барилга, хот байгуулалт

3.7.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

3.7.1.Газрын харилцаа, хот байгуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хотуудын зэрэглэлийг тогтооно.

3.7.2.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд олон улсын геодезийн сүлжээнд холбогдсон, байнгын ажиллагаатай станцуудаас бүрдсэн геодезийн хэмжил зүйн дэд бүтэц, хаягжилтын нэгдсэн системийг монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулж, тэдгээрийн тоон мэдээллийг түгээх тогтолцоог үе шаттайгаар бий болгоно.

3.7.3.Хиймэл оюун ухаан болон блокчейн,  мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан технологид суурилсан газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлнэ.

3.7.4.Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн оновчтой бүтэц, хөгжлийн ирээдүйтэй сууриныг тодорхойлж, агаарын тээвэр, авто зам, төмөр замын сүлжээнд холбоно.

3.7.5.Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.

3.7.6.Цахим эдийн засаг, үйлчилгээний салбарыг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц болох Улаанбаатар хотын дагуул хотыг барьж байгуулна.

3.7.7.“Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ хотуудын хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ.

3.7.8.Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэ зохион байгуулалтаар өргөжүүлэн хэрэгжүүлнэ.

3.7.9.Хуримтлалын нэгдсэн санг байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, орон сууцны хорооллыг барих ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан үе шаттай эхлүүлнэ.

3.7.10.Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэдийг анх удаа орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөргүй, жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна.

3.7.11.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ашиглалтын дэвшилтэт техник, технологи нэвтрүүлнэ.

3.7.12.Хот, суурины үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.7.13.Барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдэх цемент, арматур, хавтгай шил зэрэг үндсэн нэр төрлийн материалыг эх орны эрдэс, түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх замаар импортыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

3.7.14.Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна.

ДӨРӨВ.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

“Цахим Монгол”-төрийн шуурхай үйлчилгээ

4.1.Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.

4.1.1.Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлэн, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.

4.1.2.Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана.

4.1.3.Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ.

4.1.4.Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.

4.1.5.Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.

4.1.6.Үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, чадавхыг нэмэгдүүлнэ.

4.1.7.Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.

4.1.8.Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана.

4.1.9.Мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.

4.1.10.Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна.

Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба

4.2.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, төрийн чиг үүргийн уялдааг хангах замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.

4.2.1.Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно.

4.2.2.Төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой болгож, ажил үүргийн давхцалыг арилгах бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ.

4.2.3.“Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд зөвшөөрлийн цахим бүртгэл, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгоно.

4.2.4.Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслан зогсооно.

4.2.5.Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

4.2.6.Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгоно.

4.2.7.Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтална.

4.2.8.Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана.

4.2.9.Үндэсний стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлж шинэчилнэ.

4.2.10.Нийгмийн зөвшилцөлд үндэслэсэн түншлэлийн хүрээнд шийдвэр гаргах бүх шатанд төр, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил зөвлөлдөх, санал авах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихад оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.  

4.2.11.Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг  эх орондоо эргэн ирж ажиллах, хилийн чанадаас улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Амар тайван, аюулгүй нийгэм

4.3.Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангана.

4.3.1.Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хилийн торон саадыг шинэчилж, хил хамгаалах албаны үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглана. Хилчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлнэ. Хилийн анги, салбаруудын автомашины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ.

4.3.2.Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.

4.3.3.Эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах түр хамгаалах байрыг байгуулж, хуульд заасны дагуу мэдээллээр хангана.

4.3.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

4.3.5.Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ.

4.3.6.Ялын бодлогыг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлнэ.

4.3.7.Шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангана.

4.3.8.Монгол Улсын түүх соёлд холбогдох гадаад улсад хадгалагдаж байгаа баримтыг эх нутагт нь байршуулж, үндэсний санах ой болох архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, архивын баримтыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

4.3.9.Гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно.

4.3.10.Ачаа болон нийтийн зорчигч тээвэрлэлтийн зориулалттай тээврийн хэрэгсэл автомашины камертай байх стандартыг тогтоож, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг үе шаттайгаар хязгаарлах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол, түүнээс үүдэх хор уршгийг бууруулна.

4.3.11.Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн стандартын түвшин, хангалтыг дээшлүүлж, гамшгийн үеийн харилцаа холбоог сайжруулна. Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг үүсгэж, аймаг, сумын төвөөс малчдад хүргэн түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулна.

4.3.12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон санхүүгийн системийг хөгжүүлнэ.

4.3.13.Иргэдийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хяналтаар чанд мөрдүүлнэ.

4.3.14.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулна.

4.3.15.Салбар дунд ашиглах “Агаарын аврах хүчин” байгуулна.

4.3.16.Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хэмжил зүйн эталоныг хөгжүүлнэ.

4.3.17.Газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал, хяналтыг сайжруулна.

4.3.18.Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлнэ. Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.

Хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэл

4.4.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлнэ.

4.4.1.Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авна.

4.4.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус, бие даасан, ил тод байдлыг хангаж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хангах тогтолцоог боловсронгуй болгоно.

4.4.3.Хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт, хууль зүйн чиглэлийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэнэ.

4.4.4.Эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилсан Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн урт хугацааны “Эрх зүйн шинэтгэл II” арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.

4.4.5.Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, хүүхдийн тэтгэмж тогтоох болон газар өмчлөх эрх нь хөндөгдсөн төлбөрийн чадваргүй иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

4.4.6.Хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулан бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, цахим гэрээ, хэлцлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулан цахим орчинд хийгдсэн гэрээ, хэлцлийг шүүхэд нотлох баримтаар тооцох, шүүхийн зарим үйл ажиллагааг цахимжуулж, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4.4.7.Эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, бодлого, арга барилыг боловсронгуй болгоно.

4.4.8.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мал хулгайлах гэмт хэргийг бууруулна.

4.4.9.Хууль тогтоомжийн төсөл санаачлах хүрээ, хязгаарыг тодорхойлж, хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг үнэлэх, хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдээ, мэдээллээр хангах байнгын механизмыг бүрдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ.

4.4.10.Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, газрын хууль тогтоомжийг төрийн байгууламж нэгдмэл байх зарчим болон өмчийн эрх зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно.

4.4.11.Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх болон мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

4.4.12.Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого

4.5.Монгол Улс уламжлалт гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн гадаад таатай орчныг улам бэхжүүлнэ.

4.5.1.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, цахимаар үзүүлэх үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлнэ.

4.5.2.Эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ.

4.5.3.Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбар, мега төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахад дэмжлэг үзүүлнэ.

4.5.4.Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

4.5.5.Америкийн Нэгдсэн Улс, Япон, Европын Холбоо, Энэтхэг, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.

4.5.6.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4.5.7.Монгол Улсын гадаад бодлого, харилцааны нэгдмэл байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах, төр, засгийн байгууллагын гадаад харилцааг нэгдсэн байдлаар зохицуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4.5.8.Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно.

4.5.9.Дипломат албанд сахилга, хариуцлагыг эрс нэмэгдүүлж, хар тамхи тээвэрлэх болон хууль бус бусад аливаа үйлдлийг таслан зогсооно.

4.5.10.Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулах “Монгол Үндэстний үнэлэмж” арга хэмжээ, хилийн чанадад байгаа иргэд монгол хэл, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд II” арга хэмжээг төлөвлөн боловсруулж хэрэгжүүлнэ.

Батлан хамгаалах

4.6.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ.

4.6.1.Хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

4.6.2.Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ.

4.6.3.Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.

4.6.4.Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулна.

4.6.5.Зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.

4.6.6.Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, зэвсэгт хүчний олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.

4.6.7.Цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.

4.6.8.“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлж, “Оюутан-цэрэг” сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ.

4.6.9.Цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулна.

ТАВ.НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Ногоон хөгжил

5.1.Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

5.1.1.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

5.1.2.Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

5.1.3.Усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, цэвэрлэсэн болон саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана.

5.1.4.Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна.

5.1.5.Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

5.1.6.Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна.

5.1.7.Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно.

5.1.8.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ.

5.1.9.Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.

5.1.10.Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлнэ.

5.1.11.“Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан төслийн байгууламжийн ажлыг эхлүүлнэ.

5.1.12.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулна.

ЗУРГАА.НИЙСЛЭЛ БА БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Улаанбаатар хот

6.1.Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлнэ.

6.1.1.Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг үндэслэн 20 жилээр төлөвлөнө.

6.1.2.Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шархад, Дарь-Эх дэд төвүүдийг шинээр байгуулна.

6.1.3.Хотыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, ногоон орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

6.1.4.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын арга хэмжээний хүрээнд сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг байгуулна.

6.1.5.Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангасан ухаалаг, эко, цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг хэрэглээнд үе шаттайгаар нэвтрүүлнэ.

6.1.6.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.

6.1.7.Олон улсын стандартад нийцсэн явган хүний болон унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж байгуулан, тоосжилтыг 50 хувь бууруулна.

6.1.8.Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлнэ.

6.1.9.Хог хаягдлын менежментийг сайжруулж, гэр хорооллын айл өрхийг үнс хадгалах зориулалтын савтай болгож, дахин боловсруулах бүх төрлийн үйлдвэрийг байгуулна.

6.1.10.Улаанбаатар хотын цэвэр усны шинэ эх үүсвэрийг бий болгож, “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барьж ашиглалтад оруулан, тус цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг дулааны III, IV цахилгаан станцын технологийн хэрэгцээнд ашиглана. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад нийцсэн бие даасан цэвэрлэх байгууламж бүхий ноолуурын үйлдвэрүүдээс бусдыг хотоос гаргаж, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилсан цэвэрлэх байгууламж Харгиаг татан буулгана.

6.1.11.Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

6.1.12.Богдхан төмөр замын төслийг түшиглэн “Хөгжлийн алтан тойрог” байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

6.1.13.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.        

Бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжил

6.2.Бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэн орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

6.2.1.Төвлөрлийг сааруулах бодлогыг Улаанбаатар хотын удирдлагатай хамтарч үндэсний хэмжээнд цогц байдлаар хэрэгжүүлнэ.

6.2.2.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

6.2.3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймгийн төвийн статусын асуудлыг тодорхой болгоно.

6.2.4.Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хот байгуулах болон аймгийн төвүүдийг хот болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

6.2.5.Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын шаталсан тогтолцоог хөгжүүлж, орон нутагт томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ.

6.2.6.Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тус сангийн үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх, ил тод байдлыг сайжруулах, олон нийт оролцох, мэдээлэл хүргэх дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлнэ.

6.2.7.Аймгуудад эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний төв магистраль шугамыг шинэчлэх, шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2.8.Инженерийн хангамжтай орон сууц болон хувийн сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

6.2.9.Орон нутгийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулна. Аймгийн төвүүдийн гэр хорооллын айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлж, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж, агаарын бохирдлыг бууруулна.

6.2.10.Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна.

6.2.11.Хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих замаар сумдын халуун усны болон нийтийн ахуйн үйлчилгээг сайжруулна.

6.2.12.Сум, орон нутагт ажиллахаар анх удаа очиж байгаа багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар түр хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.

6.2.13.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

6.2.14.Хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, аж ахуй эрхлэгчдийн худалдаа, борлуулалтыг дэмжих дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчныг бий болгоно.

Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
18
Сүүлийн 7 хоног:
133
Сүүлийн сар:
835
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР