
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Шүүхийн академийн судалгааны төвийн дарга, Б.Дөлгөөн, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон иргэний нийгмийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2025.03.19) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар нар хүмүүжигч хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, тулгамдаж буй зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн хүмүүжигч хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, улмаар хууль хэрэгжүүлж буй бодит нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, эрх зүйн хувьд ямар зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох талуудтай зөвшилцөн, мэдээллээ нэгтгэх зорилгын хүрээнд ажиллаж байгаа талаар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд онцоллоо.
Уулзалтаар Хүний эрхийн дэд хороо, Улсын Их Хурлын гишүүд, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагын барилгын ажлыг эрчимжүүлэх, хүмүүжигч хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, их сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх, сургалтын орчныг бүрдүүлэх, суллахад бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлд анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.