
Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. Энэ өдрийг 1982 онд ЮНЕСКО-гийн Олон улсын театрын хүрээлэнгийн санаачилгаар үүсгэн байгуулсан бөгөөд бүжгийн урлагийг дэлхий даяар хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдрийг сонгодог бүжгийн нэрт зүтгэлтэн Жан Жорж Новеррийн төрсөн өдөр тэмдэглэдэг бөгөөд түүнийг "Орчин үеийн балетын эцэг" хэмээдэг.
Энэхүү өдрөөр бүжгийн урлагийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, дэмжих, бүжигчид, бүжгийн байгууллагуудыг урамшуулахад цаашлаад улс үндэстний хил, соёлын ялгааг үл харгалзан бүжгээр дамжуулан хүмүүст эв нэгдлийг мэдрүүлэхийг зорьдог ажээ.
Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Монгол туургатан театр”, Зуунмод сумын Соёлын төв хамтран Мөнх-Алдарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид, бүжиг ангийнхан, ахмад бүжигчдийн төлөөлөл, бүжгийн дугуйлан, студийн сурагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо.
Дэлхийн бүжгийн өдрийг угтан “Монгол туургатан театр”-ын бүжгийн багш, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан С.Төмөртогоогийн “Гоо ялдам” уран бүтээлийн тоглолт, Бүжгийн урлагийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, Шилдэг бүжиг дэглээч шалгаруулах “Уран дэг” уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан билээ.






