Sun Logo
“ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
“ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Ард түмэндээ “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн дурсагдан үлдсэн Төв аймгийн Бүрэн сумын уугуул, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буй. Тэртээ 1895 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг “Гурван хүрийн дэнж” хэмээх газарт мэндэлсэн тэрбээр ажил, амьдралынхаа 60 гаруй жилийг Монгол төрийн төлөө зориулсан эрхэм билээ. 

Төв сайхан нутгийнхаа төдийгүй Монгол төрийн ган бат, ноён нуруу болсон эрхэм хүмүүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гарч, төлөвлөгөөт арга хэмжээнүүд улс, аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. 

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, сайдууд, Төв аймгийн удирдлагууд, төрөлх Бүрэн сумын удирдлагууд, гэр бүл, ахан дүүсийн төлөөлөл, судлаач эрдэмтэд, доктор профессорууд, төрийн албан хаагчид оролцож байна. Хүндэтгэлийн хуралдааны үндсэн илтгэл болох “ХХ зуунд Монгол Улсын түүхэнд төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг” илтгэлийг УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам танилцуулсан бол эрхэм судлаачид, доктор профессоруудын сонирхолтой илтгэл мэдээллээр үргэлжилж байна. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нь Богдхан уулын аймгийн дарга, Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдож шинэ тутамд бий болж байсан Засаг захиргаадын томоохон нэгжүүдийн тулгын чулууг тавьж, хөгжлийн үндсийг тарьсан төдийгүй ХХ зууны Монголын түүхийн нэн чухал салбар болох гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд анхны дипломатчийн үүргийг үлгэр жишээ гүйцэтгэж, орчин цагийн элчин сайдуудад “Өндөр босго” тогтоож өгснийг түүхийн хуудаснаас харж болох юм. 

Төв аймагчууд энэ эрхэм хүмүүний түүхэн ойг Ардын хувьсгалын 104, Төв аймаг байгуулагдсаны 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Үүнээс гадна Ж.Самбуугийн үйл хэргийг төрийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд, залуучуудад сурталчлан таниулах чиглэлээр олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
141
Сүүлийн 7 хоног:
492
Сүүлийн сар:
1524
Нийт:
2229
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР