Sun Logo
МОНГОЛ ЦЭРГҮҮД ӨНӨӨДӨР МОСКВА ХОТНОО ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХАНА
МОНГОЛ ЦЭРГҮҮД ӨНӨӨДӨР МОСКВА ХОТНОО ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХАНА

     Өнөөдөр Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагаас эхэлнэ. Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцоно.

      Монгол Улсын Зэвсэгт хүчий цэргийн алба хаагчдын хувьд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очиж, Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан, Туркменистан улсуудын цэргийн багуудтай байрлан, бэлтгэлээ чамбайруулаад байна. Тухайлбал, 04 дүгээр сарын 27-ны өдөр Алабино сургалтын төвд, 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 03, 07-ны өдрүүдэд Улаан талбайд тус тус нэгдсэн бэлтгэлд хамрагдсан юм. 

    Нэгдсэн бэлтгэлийн зэрэгцээ 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт оролцож, үүргээ ёслол төгөлдөр гүйцэтгэлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар дайчдадаа цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцож, монгол цэргийн цог жавхааг сүр жавхлантайгаар харуулахыг захилаа. 

      Монгол Улсын Зэвсэгт хүчний жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлах бөгөөд Монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдыг төлөөлөн нэгтгэл, ангиудаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч ёслолын жагсаалд оролцох ажээ. Монгол Улсын цэргийн багийн ахлаачаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа нарын албаныхан томилогдон ажиллаж байна. 

      Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн тэгш ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан ба Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэлд байгаа хурандаа Л.Батболд, Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар Улаан талбайд монгол дайчдаа командлан алхсан билээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР