
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газартай хамтран 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ял болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, шийдвэрлэх арга зам ” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, дэд хурандаа Э.Итгэлтөгс болон хяналтын прокурор, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.
Зөвлөгөөнөөр шүүхээс хүнгүй ирсэн гүйцэтгэх хуудаст эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулах, ялтан этгээдийн шийтгэл дууссан даруйд хилийн хоригийг нэн даруй цуцалж, өр төлбөрт орохгүй байхад анхаарах, Өршөөлийн хуульд хамрагдах гүйцэтгэх баримт бичгийн бүрдлийг хангаж шүүгч нартай харилцан нэг ойлголтод хүрэх талаар санал солилцлоо. Мөн прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээ, судалгаа зөрүүгүй байх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний зардлын талаар удирдах дээд байгууллагад санал хүргүүлэх, хууль, журмын зөрүүтэй байдлаас болж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудлын гарц шийдлийг хэлэлцлээ.
