
Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс энэ сарын анхны хурлаа хийлээ. Тус комисс нь Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг сунгах, цуцлах шийдвэр гаргах, хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах зэргээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг. Салбар комиссын энэ удаагийн хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХХХ-ийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэг, ГБХНХЯ-ны ахлах шинжээч Д.Ичинхорлоо, “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал нар оролцож арга зүйн дэмжлэг үзүүллээ. Мөн хүүхдийг хөгжлийн дэмжлэгт хамруулж байгаа байдал, ялангуяа, алслагдсан нутагт амьдардаг хүүхдийн боловсролын хүртээмжийг сайжруулах, сэргээн засах үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарах, түүнд сум, багийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг сайжруулах талаар зөвлөмж чиглэл өгөв. Хурлын үеэр хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг сунгах чиглэлээр 32 хүүхдийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2024 оны үйл ажиллагааны тайлан болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ. Комиссын зүгээс орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад сургалт мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх булан ажиллуулж, тэгш хүртээмжтэй мэдлэг олгох зорилгоор Хөвсгөл аймгийн төв музей болон нийтийн номын сангийн явуулын үйлчилгээг тогтмол зохион байгуулан ажилладаг ажээ.