
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга бригадын генерал С.Баяр-Очир нар алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

Ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам үйл ажиллагаагаа танилцуулж, зочид хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцлийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсон албанд нь амжилт хүсэж, урам өглөө.

Бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж байгаа онцлох ажил, арга хэмжээ, дэвшүүлэн хэрэгжүүлж буй бодлого зорилт, шинэчлэл, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцооны өөрчлөлт, хугацаат цэргийн алба хаагчдад чиглэсэн олон талт ажлууд, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Хошууч генерал С.Ганбямба "Алба хаагч бүр Зэвсэгт хүчний үнэт баялаг, гагцхүү өөрсдийгөө хөгжүүлж, чадваржуулахыг бүх түвшиндээ эрхэм зорилгоо болгож ажиллахыг захиж, "Талын түнш-2024" хамтарсан хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулахад тус анги голлох үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглээд, ажил албандаа өндөр амжилт гаргахыг хүслээ.

