
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 89 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулан “Монгол хурандаа” нийгэмлэг, Цагдаагийн ерөнхий газар хамтран “МОНГОЛ ХУРАНДАА-89” арга хэмжээг өнөөдөр /2025.03.21/ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын дарга, хурандаа Б.Батбаяр, “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа нарын салбар зөвлөлийн дарга, хурандаа Б.Баатаржав нар оролцлоо. Энэ үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгээс зохион байгуулсан спортын гурван төрөлт тэмцээний аваргуудад шагналыг нь гардуулсан юм. Тус тэмцээний шатрын төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлтгэл хурандаа О.Хадбаатар, биллъярдын төрөлд хурандаа З.Батхуяг, хурандаа Ц.Алтантулга нарын баг 3 жил дарааллан түрүүлсэн бол ширээний теннисний төрөлд хурандаа Р.Саруултамир гуравдугаар байрт шалгарч, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орсон байна.
Монгол Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын 1936 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Монгол Улсад анх 1936 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цэргийн явдлын яамны 2-р хэлтсийн дарга З.Жанцанд хурандаа цол олгож байжээ. Батлан хамгаалахын сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Тэмдэглэлт өдөр бий болгох тухай” А/62 дугаар тушаалаар жил бүрийн 03 дугаар сарын 02-ны өдөр “Монгол хурандаагийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн юм.