
СХЗГ-ын дарга С.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтаар зарим төрлийн хүнсний ногоо, жимснээс пестицидийн үлдэгдэл илэрсэн гэх лабораторийн урьдчилсан дүгнэлт гарсан юм.

Дээрх урьдчилсан дүгнэлттэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шалгалтыг үргэлжлүүлж, дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн аж.

Хяналт шалгалтын хүрээнд иргэдийн хүнсний хэрэглээнд нийлүүлж буй импортын болон дотоодод тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн тариалалтын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон пестицидийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээ хийж, гарал үүслийг тодорхойлж, бусад холбогдох шаардлагад нийцэж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах үнэлэлт, дүгнэлт өгөх юм байна.
Монгол Улсын Шадар сайд Амарсайханы тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хийж байгаа хяналт шалгалтын мөрөөр аймгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч, орон нутгийнхаа хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай байна. Нөгөө талдаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа өндөр байгааг харуулж байгаа юм. Хүнс эрүүл бол хүн эрүүл гэсэн үг байдаг билээ.