
Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 21-ний өдөр өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэж, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ. Тэгвэл энэ өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул 18 улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр угтан авч, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн 18 улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. Нэг өдөрт 18 орны Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг угтсан нь төрийн ёслолын түүхэнд онцлох үйл явдал болж чадсан юм.
