Sun Logo
“ЭРҮҮЛ, ЧИЙРЭГ ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭХ ЦЭГ-АЛХАЛТ” ӨДӨРЛӨГӨӨР
“ЭРҮҮЛ, ЧИЙРЭГ ИДЭВХТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭХ ЦЭГ-АЛХАЛТ” ӨДӨРЛӨГӨӨР

       Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын явган алхалтын холбоо, “Мөрдэстэй ахлагчид” буюу “Army hiking club” хамтран энэ сарын 25-ны өдөр “Эрүүл, чийрэг идэвхтэй амьдралын эхлэх цэг-алхалт” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Байгаль эх орноо хайрлан хамгаалах үзэл нөгөө талд нь спортоор хичээллэх, ууланд алхахын онцлог, ач холбогдлыг сурталчлах зорилготой энэхүү хөтөлбөрт Зэвсэгт хүчний Жанжин штабын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд идэвхтэй хамрагдсан юм. 

     Ууланд алхагчдад хандаж ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Монголын явган алхагчдын холбоо”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хойш нэлээдгүй хэдэн арга хэмжээ, явган алхалтыг зохион байгуулаад байна. Өнөөдөр бид сургуулийн жилийн төлөвлөгөөнийхөө дагуу хамт олныхоо эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж ажлын ачааллыг нь тэнцвэржүүлэх, явган алхалтын ач холбогдлыг таниулах зорилгоор “Эрүүл, чийрэг идэвхтэй амьдралын эхлэх цэг-алхалт” сэдэвт явган алхалтыг зохион байгууллаа.

    Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, байгаль орчноо танин мэдэж, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээг бүх нийтэд таниулан түгээхэд Зэвсэгт хүчин тэр дундаа ЗХЖШ-ын алба хаагч Та бидний үүрэг, идэвх оролцоо чухал” хэмээн онцоллоо. Мөн тэрээр ЗХЖШ, “Монголын явган алхалтын холбоо”-той цэрэг-иргэний хамтын ажиллагааг бэхжүүлж, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах чиглэлээр ”Мөрдэстэй алхагчид клуб”-ийг нээж үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж буйг ч тодотгож байсан юм. Энэ өдөр мөн “Мөрдэстэй алхагчид” клуб Монголын явган алхагчдын холбооны албан ёсны гишүүнээр элсэж, тамга, тугаа гардан авсан түүхэн үйл явдал давхар тохиосон юм. 

    Монголын явган алхалтын холбооныхон явган алхалт нь цэргийн алба хаагчдад нэг талаасаа бие бялдрын хөгжлийг олгож, нөгөө талаасаа эрүүл мэнд, оюун санаагаа хөгжүүлэх, анд нөхөрлөлийн холбоог бэхжүүлэх, шинэ содон зүйлд суралцах зэрэг маш олон давуу боломжуудыг олгодгийг цохон тэмдэглэж байсан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР