
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Тус уулзалтад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр нар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны үйл ажиллагааны талаар болон тулгамдаж буй асуудал, өөрчлөх шаардлагатай хууль тогтоомжийн жагсаалтын хүрээнд боловсруулсан судалгааны тайланг танилцуулав.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэлэхдээ, Ажлын хэсгийн эрхэм гишүүд болон ажлын албаны албан хаагчдад хэлэхэд хяналт шалгалтын асуудал нь нэг талдаа ужиг хуучин, нөгөө талдаа дандаа асуудал үүсгэдэг. Энэ салбарыг хариуцаж ажиллах хугацаанд иргэд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд төр дарамтгүйгээр төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хуульд заасан хүрээнд бодлого үйл ажиллагаатай уялдаж ажиллаж байна. Ардчилсан парламенттай улсын хувьд иргэн төвтэй хяналт шалгалтын тогтолцоог хангаж ажиллана гэж найдаж байна. Бидний хувьд Та бүхнийг хүн хүч, судалгаа шинжилгээ, бодлого үйл ажиллагааны хүрээнд бусад ажлын хэсэгтэй уялдаж ажиллахад бүх талаар дэмжиж туслан хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хуулийн төслийг иж бүрэн чамбай гаргах, хэлэлцүүлэг зохион байгуулах, үр дүнтэй хамтарч ажиллахад анхаарч, салбарын хяналтын асуудлыг цогцоор нь шийдэх, төрийн албаны уялдаа холбоотой ажиллах, төрийн албаны хамаарлыг багасгах, иргэд, аж ахуйн нэгжид дарамтгүй хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай ажлууд дээр дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.