
" Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өнөөдөр агентлаг, байгууллага, Мөрөн сумын ИТХ, ЗДТГ болон төсөвт байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, 2025 оны бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах талаар чухал үүрэг, даалгавруудыг өглөө.
✅Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, утаа, тоосжилтыг бууруулах зорилгоор яндан буулгах ажлыг эхлүүлнэ. Төсөвт байгууллагууд айл өрхүүдийг дулааны шугам сүлжээнд холбох ажлыг дэмжин, хамтран ажиллах;
✅Төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид айл өрхийн хаалгаар орж бүтээн байгуулалтын үйл ажиллагааг танилцуулж цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар судалгаа хийж ажиллах;
✅Мөрөн суманд 1057 айл өрх мод тарих хүсэлт гаргасан бөгөөд эдгээр өрхийн модны усалгааны зардлыг аймгаас шийдвэрлэнэ. УСНААК компани шаардлагатай төсөв, тооцоог гаргаж ажиллах;
✅Бүтээн байгуулалтын ажлуудыг Мөрөн сумын удирдлагууд манлайлан зохион байгуулах;
✅Мөрөн сумын зүүн захаас угтах хаалга хүртэлх "Ногоон зурвас" байгуулах ажлыг 5-р сард эхлүүлнэ. Тус зурваст таригдах модны ургалт 90 хувиас дээш байхад анхаарч ажиллах;
✅"Шинэ-Мөрөн худалдааны төв"-ийн суурин дээр шинэ худалдааны төв барих төслийн сонгон шалгаруулалт зарлагдан, ажил эхэлж байна. Энэхүү худалдааны төвийг 10 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Галын улмаас хохирол амссан “Шинэ-Мөрөн” ХҮТ-ийн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хандивын аянд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийг нэгдэхийг уриалж байна;
✅Төсөвт байгууллагын удирдлагууд тендерийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулахад анхаарах;
✅Байгууллагууд ажлын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах;
✅Онцгой байдлын газар бүх байгууллагын цахилгааны холболт, аюулгүй байдлыг шалган хяналт тавьж, дүгнэлт мэдээллийг танилцуулах;
✅2026 оны улсын төсөвт тусгах саналуудыг одооноос боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Засаг дарга Л.Төмөрбаатар энэ онд хэрэгжих бүтээн байгуулалтыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулахын тулд бүх байгууллагын идэвх, манлайлал чухал байгааг онцолж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.