
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын урт хугацааны бодлого, “Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийг үе шаттай байгуулахаар зорин ажиллаж нийслэлд хоёр, орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа эхэлж, энэ ажлын хүрээнд 2 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт “Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв”-ийн нээлтийн ёслол боллоо.
Нээлийн ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх болон аймгийн хэлтэс, агентлагын дарга, 17 сум, 6 тосгоны засаг дарга, засаг даргын тамгын газрын дарга нар оролцлоо.
“Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв” нь иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтцийг бүх талаар тодорхойлно. Иргэдэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэг олгоно.
Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн:
Цусны даралт хэмжигч, зүрхний цохилт хэмжигч, биеийн өндөр хэмжигч, биеийн бүтцийг тодорхойлогч, гарын булчингийн хүчийг хэмжих, их биеийн булчингийн хүчийг хэмжих, хөлийн булчингийн хүчийг хэмжих, биеийн уян хатан байдлыг хэмжих, хурдны чанарыг хэмжих, хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих, зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой.
Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулснаар:
1. Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох
2. Хувь хүний амьдралын хэв маяг, бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх
3. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх
4. Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох
5. Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх
6. Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх
7. Төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.
Холбоотой мэдээ