
ССАЖЗ-ын сайд Ч.Номин Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр СУАЖЗГ-ын дарга Н.Сэр-Од:
Архангай аймгийн хэмжээнд соёл, урлагийн 22 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд СУАЖЗГ, ХДТ-1, Музей-1, Номын сан-2, Соёлын төв 18 байна. Тэдгээрт нийт 252 албан хаагч ажиллаж байна. Архангай аймгийн Соёлын байгууллагуудын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээр 2024 онд 294.8 сая төгрөг авсан нь өмнөх оныхоос 97 сая төгрөгөөр ахисан үзүүлэлттэй байна.
Мөн соёлын байгууллагуудын орлого төвлөрөлт 2022 онд 93.4 сая төгрөг байсан бол 2024 онд 262.6 сая төгрөг болсон нь өмнөх онуудаас 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Архангай аймгийн хэмжээнд 2024 онд соёл, урлаг, олон нийтийн 1650 арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 450,2 мянган хүн хамрагдсан. Энэ нь өмнөх оныхоос арга хэмжээний тоо 5 хувь, хамрагдсан хүний тоо 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд 2020-2024 онд Соёлын төвийн 7 барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд Театр, музей, Өгийнуур сумын соёлын төвийн барилга шинээр баригдаж байна. 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 30.4 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 582.6 сая, тоног төхөөрөмж 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
2024 онд зохион байгуулсан "Тонж манлай" морь, бөхийн цол дуудлагын сургалт, "Аялагч хүүхдүүд" арга хэмжээ, Сургалтын төлбөрийн тэтгэлэг болон түүх соёлын үл хөдлөх дурсгалын гэрээт хамгаалагчдын урамшуулал зэрэг онцлох үйл ажиллагааг танилцууллаа.
ССАЖЗ-ын сайдын зүгээс соёлын арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулах, жуулчдад зориулсан соёлын хөтөлбөр боловсруулах талаар чиглэл өглөө. Мөн Соёлын төвүүдийн стандартыг дахин боловсруулах, үнэ тарифын нэгдсэн журмыг боловсруулан тус тус батлуулахаар боллоо. СУАЖЗГ-ын дарга, аялал жуулчлалын мэргэжилтэн, соёлын төвүүдийн соёлын өвийн ажилтнуудыг аялал жуулчлалын чиглэлээр сургалтад хамруулахаар боллоо.
Мөн Нийтийн номын сан, хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Нийтийн номын сангийн захирал О.Мөнхтуяа номын фондын баяжилтыг нэмэгдүүлэх талаар хүсэлт уламжиллаа.