
Байгаль орчны салбар бол чухал салбаруудын нэг. Энэ салбарт ажиллаж буй алба хаагчдыг анхан шатнаас нь эхлэн хууль эрх зүйн мэдлэг мэдээллээр хангах асуудал чухал байна. Салбарын хэмжээний хууль эрхзүйн мэдлэг дутмагаас шалтгаалан санамсаргүй байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол салбарын ажилчид болоод сум орон нутгийн удирдлагуудад тулгардаг байна. Тухайлбал, Сумдын Засаг дарга нар, газрын даамлууд эрх мэдлээ хэтрүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, гэрчилгээ олгодог зөрчил Байгаль орчны байцаагч, хамгаалагч нар байгаль орчны багц тухай хууль тогтоомжид хяналт дутуу тавьж байгаагаас үүдэн зөрчил үүсдэг тохиолдол их гардаг аж. Иймээс сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал нар “Байгаль орчны салбарт баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас хамтран зохион байгуулж буй тус сургалт нь тухайн салбарт төрөөс баримталж буй буй бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах, аливаа үүсэж болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, талуудыг мэдээллээр хангах зорилготой.

Сургалтаар: Авлигын эсрэг хуулийн танилцуулга, хэрэгжилт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, түүнийг бууруулахад анхаарах асуудал зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцоно. Үр дүнд нь талуудын хууль эрхзүйн мэдлэг, ажлын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Сонордуулахад өнгөрсөн 2024 онд л гэхэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн бол 2025 оны 3-р сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 4, хууль бус ан агнуур агнаж, тээвэрлэсэн зөрчил 8 бүртгэгджээ. Мөн төрийн албан хаагчид хууль бусаар загас, галуу агнаж, байгаль орчны гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол түгээмэл байдаг байна. Иймд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчны газраас ан амьтны хуулийн хэрэгжилтийг хангуулах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг тавдугаар сарын нэгнээс эхлэн сумдад хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.

