Нийслэлийн байгаль орчны газар
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Захиргаа удирдлагын хэлтэс
Захиргаа удирдлагын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхийн хамт байгаль орчны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, ногоон хөгжлийг дэмжих, экологийн боловсролыг олон нийтэд олгох, түгээх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж юм.
Санхүү, аж ахуй, мониторингийн хэлтэс
Байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төсвийн зардлыг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, байгууллагын өмч хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Хүрээлэн буй орчны ашиглалт, хамгаалалтын хэлтэс
Байгаль орчны салбарын бодлого, багц хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчин, хөрс, газрын хэвлийн баялгийг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах үндсэн чиг үүрэгтэй.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдан хэрэгжиж эхэлснээр нийслэлийн Засаг даргын захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох болсон. Үүнээс өмнө Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ нийслэлийн нутаг дэвсгэрт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг 2017 оноос манай газарт хүлээн авч, тусгай зөвшөөрлийн төлбөр, уурхайн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хянаж байна.
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийснээр аж ахуйн анхдагч үнэ цэнээ алдаж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эх үүсвэр болж хувирсан газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах, нийтийн хэрэгцээнд шилжүүлэх цогц арга хэмжээг авснаар хүн, амьтан, мал гэмтэж бэртэхээс сэргийлэхээс гадна хүрээлэн буй орчны доройтол буурах, иргэд олон нийт эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоо хангагдах сайн талтай юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 оны эвдэгдсэн газрын тооллогоор 338 га талбай бичил уурхайн улмаас ухагдсан гэж тоологдсон бөгөөд үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2021 оны хооронд 124.7 га талбайг нөхөн сэргээгээд байна. 2023 онд 25 талбайд нөхөн сэргээлтийг хийснээр цаашид нөхөн сэргээх шаардлагатай 188.3 га талбай нөхөн сэргээгдээгүй үлдээд байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажилладаг.
Дээрх хууль эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөрсний органик бохирдлын гол эх үүсвэр болох стандартын бус ариун цэврийн байгууламжийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонгийн тооллого, судалгаа хийж, стандартын шаардлага хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Цаашид Нийслэл Улаанбаатар хотын хөрсний бохирдол, доройтлыг бууруулах чиглэлээр стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон, хог хаягдал, арьс ширний үйлдвэр, авто засварын газар болон техникийн захууд зэрэг органик болон органик бус олон эх сурвалжаас үүдэлтэй бохирдол, доройтолтой газруудын байршил, талбайн хэмжээг тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Ойн хэлтэс
Ойн хэлтэс нь нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн арчилгаа, хамгаалалт, хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймэртэй тэмцэх ажил, усны сан бүхий газрын ашиглалт, хамгааллыг хариуцан хэрэгжүүлдэг. Нийслэлийн ногоон бүсийн ой нь суурьшлын бүстэй зэрэгцэн оршдог хамгааллын ой тул хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, хавар намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил ихээхэн хүчин чармайлт шаарддаг.
Ойн сангийн арчилгаа, цэвэрлэгээ, хортонтой тэмцэх ажил, цөлжилттэй тэмцэх ногоон хэрэм байгуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ойн сангийн багагүй хэсгийг эзэлж буй хожуулд тарьц, суулгацаар ойжуулалт хийх аргыг 2017 оноос туршин хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид иргэдийн тарьсан ойг улсын ойн санд худалдан авах, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах үүргийг ойн салбарт хэрэгжүүлэх чиглэлийг баримталж байна.
Нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан усны эх үүсвэрийг хамгаалах, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор хууль зөрчиж газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх ажлыг эхлүүлж, хууль зөрчин худаг, цооног гаргадаг байдлыг зогсоогоод байна. Жил бүр 3–4 булаг, шандны эхийг хамгаалан тохижуулж байгаа бөгөөд 2020 он гэхэд байнгын ундаргатай бүх булгийг хамгаалж, шаардлагатай байрлалуудад гадаргын усыг хуримтлуулах хөвийг байгуулах зорилт тавьсан. Цаашид усны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор эдийн засгийн хөшүүрэг ашиглах, саарал усны хэрэглээг захиргааны болон урамшууллын аргаар нэмэгдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлнэ.
Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс
Амьтан, ургамлыг хамгаалах хэлтэс нь минж өсгөн үржүүлж, байгальд нутагшуулан экосистемийн таатай орчинг бүрдүүлж, Туул голын урсацыг байгалийн аясаар сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсийн амьтан, ургамал, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг тодорхойлох, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглуулах, биотехникийн арга хэмжээ авах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх, минжийг идэш тэжээлээр хангах, гадны сөрөг нөлөөллөөс хамгаалж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, судалгаа шинжилгээ хийх болон иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй нэгж юм.
Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын хэлтэс
Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагч нь нийслэлийн 116,257 га ойн сан бүхий нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглуулах, хамгаалах, байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтөд ажиглалт, тандалт судалгаа хийх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сургалт, сурталчилгаа хийх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна.
Байгаль хамгаалагч нарыг хариуцсан нутаг дэвсгэрийн ойн сангийн талбайн хэмжээ, байршлаар нь 4 хэсэгт хуваан, хэсгийн зохион байгуулалтад оруулж, нэгдсэн удирдлагаар ханган, хэсгийн байгаль хамгаалагч нарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байна.
Байгаль орчны үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтийн хэлтэс
Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт гарган байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, төрийн бодлогын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна. “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-г боловсруулсан. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Монгол Улсын зорилтот хувь нэмэр дэх нийслэлийн оролцоог тогтоох суурь судалгааг хийж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамгийн боломжит хувилбараар барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг тодорхойлсон. Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэн ойгоор бүрхэгдсэн талбайг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлтийг “emongolia.mn” цахим хаягаар хүлээн авч шийдвэрлэж байна.
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулснаар нэг талаас байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлах, байгалийн нөөц баялаг бохирдох, хомстохоос сэргийлэх, экологи-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нөгөө талаас төсөл хэрэгжих чадварыг дээшлүүлэх, төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоож, түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээг бодитой төлөвлөхөд чухал ач холбогдолтой.
Хяналтын хэлтэс
Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах замаар хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, ашиглалтын нөөцийг бий болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл:
Тус хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг мөрдөж ажиллана.
Байгаль орчны хяналтын чиглэлээр:
Геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр: