Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс бүрдэнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагчаас бүрдэнэ.
Хорих ял эдлүүлэх албаны чиг үүрэг:
Хорих ял эдлүүлэх алба нь цагдан хорих болон баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол олгох, сургалтад хамруулах, ажлын дадлага олгох чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд 21 хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 1, төрөлжсөн эмнэлэг 2, орон нутагт цагдан хорих байр 28, баривчлах байр 5, нийслэлд цагдан хорих төв 1, баривчлах байр 1, баривчлах 1 төвд хоригдол, хоригдогсод, баривчлагдсан этгээдэд хяналт тавин ажиллаж байна.
Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь улсын хэмжээнд хорих ял шийтгэгдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх, хүмүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Мөн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь хорих ялаар шийтгэгдсэн эмэгтэй хоригдлын хорих ялыг эдлүүлэх, хүмүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
401 дүгээр хаалттай хорих - Нэгдсэн эмнэлэг нь, 429 дүгээр хаалттай хорих -Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэг нь хоригдол, хоригдогсдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хорих ангид хөнгөн блок, вакум цонх, хаалга, арьсан эдлэл, гутал, шохой, шохойн чулуу, эрдэс нунтаг, тоосго, нүхтэй блок, гар урлал, зөөлөн оёдол, модон эдлэл, төмөр хийцний үйлдвэрлэлээс гадна газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалж, мал аж ахуй эрхэлж, туслах аж ахуйг хөгжүүлж ажилласнаар нийт хоригдлын 60-66 хувийг ажлын байраар хангаж, гэм хорын төлбөрийн барагдуулан ажилладаг.
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны чиг үүрэг:
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Цахим хяналт, удирдлагын төв” болон бүсийн хяналтын дэд төвийг Дархан-Уул аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид байгуулан, зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системийг нэгтгэн, удирдлагаар ханган ажиллаж байна.
Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх, нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлын хүрээнд аймаг, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, мод бут тарих зэрэг ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, этгээдийг татан оролцуулж байна.
Шийдвэр гүйцэтгэх албаны чиг үүрэг:
Шийдвэр гүйцэтгэх алба нь иргэн, зөрчил, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Түүнчлэн нийслэлд хүүхдийн тэтгэлэг, татан буугдсан банк, хадгаламж зээлийн хоршоо, нийгмийн даатгал, гаалийн байгууллагад холбогдох дагнасан чиг үүргийг Банкны төлбөр барагдуулах газар хариуцан гүйцэтгэдэг.
Иргэний, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр арилжааны банкнуудаас мэдээлэл авах, мөнгөн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, сэргээх албадлагын арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлсэн.
Мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөртэй эсэх тодорхойлолтыг мэдээлэл солилцооны цахим систем E-mongolia, төрийн үйлчилгээний цахим “ТҮЦ” машин мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын “tender.gov.mn” цахим хаягаар тус тус олгож байна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
6.2.1. Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенц, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх;
6.2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх;
6.2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, нийгмийн хамгааллыг бүрдүүлэх;
6.2.4. Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;
6.2.5. Иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
6.2.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, алба, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;
6.2.7. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох;
6.2.8. Байгууллага болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.