Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Төв нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлнэ:
3.2.1.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
3.2.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, техникийн зохицуулалтын үзлэгийг зохион байгуулах, шинэчлэн боловсруулах, батлуулах, таниулан сурталчлах;
3.2.3.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тогтоох, дүгнэлт гаргах, ажил мэргэжилтэй холбоотой өвчин, хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулах;
3.2.4.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллагуудад хяналт тавих, үнэлгээний үр дүнгийн үнэн зөв, баталгаат байдлыг хангуулах, мэргэжил арга зүйгээр хангах;
3.2.5.Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хяналт шалгалт, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тодорхойлох, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд ашиглах хөдөлмөрийн эрүүл ахуй, хор судлалын шинжилгээний лабораторийг ажиллуулах;
3.2.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлан бүртгэх аргачлалыг боловсруулах, шинэчлэн сайжруулах, арга зүйн зөвлөмжийг боловсруулах;
3.2.7.Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн сорил, туршилт хийж хамгаалалтын үр нөлөөг үнэлэх, дүгнэлт гаргах;
3.2.8.Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, ажилтны эрүүл мэнд, бие бялдрын байдлыг үнэлэн ажил хөдөлмөрийн тохироо хийх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай гүйцэтгэх, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй ажилтны хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх;
3.2.9.Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, мэргэжлээс шалтгаалсан өвчний тандалтын удирдамж, аргачлал, зааврыг боловсруулж, холбогдох байгууллагаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
3.2.10.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээн засах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;
3.2.11.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, хортой, аюултай нөхцөл бүхий ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх, статистик боловсруулалт хийж, үр дүнг эмхэтгэн нийтэд мэдээлэх;
3.2.12.Хөдөлмөрийн эрүүл мэнд, мэдээллийн технологийн цахим шилжилтийг хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан эрсдэлийн дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, нөөцийн төлөвлөлтийг хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, бодлогын хэрэгжилтийг үнэлэх;
3.2.13.Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн анагаах ухааны мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтаар мэргэшүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургалтын ном, гарын авлага боловсруулах;
3.2.14.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тандалт судалгааг хийх;
3.2.15.Ажил олгогч, ажилтан, олон нийтэд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангаж дэмжлэг үзүүлэх;
3.2.16.Аймаг, дүүргийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх, чадамжийг нь үнэлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтран ажиллах;
3.2.17.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр урт, богино хугацааны төсөл, хөтөлбөрийг боловсруулж, олон улс, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлэх;
3.2.18.Төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөрийн салбарын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;