Нийтийн тээврийн бодлогын газар
Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор байгууллагын нэрийг “Нийтийн тээврийн бодлогын газар” болгон өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн А/443 дугаартай захирамжаар тус газрын бүтэц зохион байгуулалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт болон хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхдээ шинжлэх ухаан технологийн шийдэлд суурилан хөгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагаас 2021-2024 онд нийтийн тээврийн том, дунд, угсраа, давхар, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй 1020 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж, нийтийн тээврийн салбарт ажиллагсдын хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим мэргэжилтний цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж, иргэдэд соёлтой үйлчлэх хандлагын өөрчлөлтийн талаар олон талт ажлуудыг өрнүүлсээр байна.
Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийн нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгох эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө салбарын бүх удирдлага, албан хаагч, жолооч, хяналтын ажилтнууд хичээн ажилладаг.
Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, зорчигч төвтэй тээвэрлэлтийг гүйцэтгэн ажиллаж, илүү хүртээмжтэй, хялбар, иргэндээ хүрсэн, цахим, ухаалаг үйлчилгээг бий болгох нь бидний эрхэм зорилгын нэг юм.
Та бүхний Алтан шар зам өлзийтэй байх болтугай.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА Г.БИЛГҮҮН