Эрчим хүчний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нь Монгол Улсын Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг 24 цагийн найдвартай, тасралтгүй, шуурхай ажиллагаагаар удирдан зохион байгуулж ажилладаг компани юм.
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд эрчим хүчний салбарын өдөр тутмын технологийн үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж ажилладаг байгууллага билээ.
Манай байгууллага нь үндэсний хэмжээнд эрчим хүчний диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 15.1-д болон ЭХСалбарын мөрдөгдөх нэгдсэн сүлжээний дүрэмд заасан дараах эрх, үүргийг хүлээж ажилладаг. Үүнд
- Цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн шуурхай зохицуулах
- Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- цахилгаан, дулааны нөөц, чадал, бусад үйлчилгээг төлөвлөх, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн нэгдмэл үйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах.
- Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдийн шуурхай ажиллагааны дээд удирдлага нь Диспетчерийн үндэсний төв мөн бөгөөд нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдийн өдөр тутмын шуурхай ажиллагааг ДҮТ-ийн ээлжийн диспетчер удирдан явуулна.
- Нэгдсэн сүлжээ бүрдүүлэгч цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцууд тэдгээрийн реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж, дулааны шугам сүлжээний ажиллагааг тооцоолсон горимын дагуу хоногийн 24 цагийн турш шуурхай уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
- Нэгдсэн сүлжээнд гарсан аваарийг устгах ажлыг гардан удирдах зэрэг болно.
Хэрэгжүүлж байгаа бусад чиг үүргүүд:
- Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн шуурхай зохицуулалт
- Цахилгаан эрчим хүчийг экспорт, импорт хийх
- Цахилгаан, дулааны эрчим хүчний өдөр, сар, жил, хэтийн горим төлөвлөлт
- Эрчим хүчний нэгдсэн системийн горим ажиллагааны тооцоо
- Реле хамгаалалт, автоматикийн үйл ажиллагаа
- Төвийн бүсийн нэгдсэн системийн арилжааны үйл ажиллагаа
- Техник хяналтын үйл ажиллагаа
- Мэдээллийн технологийн үйл ажиллагаа
- Шуурхай холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн системүүд
- Техник технологийн судалгаа, шинжилгээ
Үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж харна уу.