Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв


Төвийн үйл ажиллагааны чиглэл
5.1. Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг хөгжлийн дэмжлэг, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний гэр бүл, асран хамгаалагч, олон нийтэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, протез ортопед, туслах хэрэгслийг тохируулах, ашиглах зөвлөгөө өгөх, зарим засвар хийх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нарийн мэргэжлийн шаардлагатай сургалт, үйлчилгээнд холбон зуучлах, салбар дундын зохицуулалтыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Монгол Улсын холбогдох хууль, Засгийн газрын тогтоол, төрийн байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хуулийн этгээд байна.
5.2. Төв нь төрийн болон төрийн бус байгууллагатай бүх түвшинд харилцан хүндэтгэлтэй, хамтран ажиллана.
5.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүдийн харилцан туслах бүлгийн үйл ажиллагаа, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтууд тогтмол зохион байгуулна.
5.4. Хуульд заасан эрх бүхий байгууллагаас төвийг татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төв нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
5.5. Төв нь үйл ажиллагаандаа дараах НҮБ-ын конвенц болон Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тогтоол, шийдвэр болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
5.6. Төв нь хүүхдийн сэргээн засах хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээний чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
5.6.1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн, биеийн байрлал, хүч болон тэнцвэрт тулгуурлан хүүхдийн тоглох, суралцах чадварыг хөгжүүлэх суурийг тавих замаар хүүхдэд нийгмийн бүхий л орчинд бие даахад дасгал, хөдөлгөөн хэрхэн хийх талаар зааж, алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл сэргээхэд чиглэсэн хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлэх;
5.6.2. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сууж сургах, хөдөлгөөн хийх, хэл яриа, хараа, сонсгол, танин мэдэхүйн болон бусад мэдрэхүйн үйл явц, чадварыг сайжруулах, залгих, бичих, өөрийгөө арчлах, тоглох, суралцах, биеэ авч явах, сургуульд ороход бэлтгэх зэрэг чадваруудад сургах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хөдөлмөр заслын үйлчилгээ үзүүлэх;
5.6.3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сонсгол, хэл, ярианы чадварт голлон анхаарч хүүхдийг гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа харилцах зэрэг нийгмийн бүхий л орчинд өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулахад чиглэсэн хэл засал, харилцах ур чадварын үйлчилгээ үзүүлэх;
5.6.4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох эрхийг хангах хүрээнд сургалт, эмчилгээг хослуулан нэмэлт тусламж шаардлагатай хүүхдэд хөгжмийн, бүжгийн, зургийн, спортын бүлгийг зохион байгуулах замаар боловсролын дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх;
5.6.5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зогсох, алхах, суух, хувцаслах, гар нүүрээ угаах, үзгээ барих эсхүл бичих, ярих, унших зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах болон сул хараа, сонсголын байдалд туслах таблет, компьютер гэх мэт энгийн багаж төхөөрөмжүүд, туслах хэрэгслийг сонгох, хийх эсхүл захиалах, тохируулах, тэднийг хөгжүүлэхэд дэмжих зорилгоор цэцэрлэг, сургууль дээрээ болон тоглох үед хэрхэн ашиглах талаар сургах үйлчилгээ үзүүлэх;
5.6.6. хөгжлийн төв дотор үнэлгээ, тусламж үйлчилгээний болон гэр бүлд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон мэргэжлийн хамтарсан баг (нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, хөгжлийн дэмжлэг, үйлчилгээний мэргэжилтэн, туслах хэрэгслийн мэргэжилтэн)-ийг байгуулан цогц үйлчилгээ үзүүлэх;
5.6.7. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (ХБХЭМБНХСК)-ын хуралдааныг зохион байгуулах ба кейс менежментийн аргаар дэмжлэг үзүүлэх;
5.6.8. эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны гэр бүл төвтэй Портеж хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
5.6.9. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах;
5.6.10. сургуульд суралцахад хүүхдэд тулгардаг (суралцах, сонсгол, хэл яриа, харилцааны, нийгмийн, хөдөлгөөний, орчны) бэрхшээлүүдийг даван туулахад багш, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах;
5.6.11. бүх шатны боловсролын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд ороход нь бэлтгэх зорилгоор тоглоомын болон бүлгээр хичээллэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;
5.6.12. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийн гишүүдэд чиглэсэн хүүхдийг гэрээр хөгжүүлэх хөтөлбөрийг зааж, хамтран хэрэгжүүлж, үр дүнг хянах;
5.6.13. эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны Портеж хөтөлбөр болон холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй үйл ажиллагаагаа уялдуулж, мэргэжил, арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллах.
5.7. Төв нь насанд хүрэгчдэд зориулсан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.7.1. хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах;
5.7.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх, төсөл хөтөлбөр боловсруулах, хөдөлмөрийн харилцааны талаар ойлголт олгох чиглэлээр холбогдох асуудал хариуцсан төрийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5.7.3. хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, амьдралын хэв маягийн талаар (нойр, хооллолт, сэтгэл хөдлөл гэх мэт) зөвлөгөө өгөх, дасгал хөдөлгөөн заах, холбогдох асуудал хариуцсан төрийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5.7.4. протез, ортопед, тусгай хэрэгсэл тохируулах, ашиглах зөвлөгөө өгөх, захиалга авах, зарим засвар үйлчилгээг үзүүлэх, бусад байгууллагуудад мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх;
5.7.5. хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэдний гэр бүлийн гишүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбон зуучлах, холбогдох асуудал хариуцсан төрийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5.7.6. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах чадварт сургах, орон зайн чиг баримжаа олгоход чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, холбогдох чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5.7.7. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг мэргэжлийн сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд холбон зуучлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбогдох асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран ажиллах;