
МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болж өндөрлөлөө. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 нас шүлэгч, яруу найрагчдын нийт 217 бүтээл цаасны шатанд ирснээс 27 өсвөрийн яруу найрагч тайзны шатанд шалгаран өрсөлдөв. Улмаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн морь” яруу найргийн наадмын тэргүүн байраар Хөвсгөл аймгийн, Төмөрбулаг сумын сургуулийн сурагч Ө.Намуунчимэг тодорч, “Мөнгөн морь” цом, мөнгөн шагналаар шагнуулжээ. Харин дэд байрт Баянхонгор аймгийн Баацагаан сумын сурагч П.Өсөхманлай, гутгаар байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын сурагч М.Болорчимэг, тусгай байрт нийслэлийн 133 дугаар сургуулийн сурагч Б.Намуунзаяа, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сурагч М.Хүслэн тус тус шалгарсан байна.