
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймагт боллоо. Арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Цагдаагийн газрын дарга Т.Цэрэндорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагва-Очир нар оролцлоо.
Аяны нээлтийн арга хэмжээний хүрээнд жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллага, хамт олны түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг өргөжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид, сурагчдын төлөөлөл бүхий 100 сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг Жендэрийн үндэсний шинжээч, “Хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Галбадрах удирдан явуулж байгаа бөгөөд оролцогчдод “Жендэрийн тухай ойлголт”, “Ажлын байран дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр мэдлэг, мэдээлэл олгож, сургагч багшаар ажиллах арга зүй, ур чадварыг эзэмшүүлж байна.
Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн 100 сургагч багш нь цаашид өөрийн байгууллага, сургууль, орон нутгийн түвшинд жендэрийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах юм.
Аяны хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах, иргэдийн оролцоо, хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулна.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХАМТДАА ТАСЛАН ЗОГСООЁ!