
Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаны хүмүүсийн хамт уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Тус агентлагийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, хүчин төгөлдөр үйлчлэх үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг тодорхой төлөвлөн, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тогтов.

Цаашид аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнууд болон бизнес эрхлэгчдэд өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хууль зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх санал илэрхийллээ.
Түүнчлэн Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн санал, оролцоог хангах, зах зээлд нэвтрэх саадыг бууруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
Уулзалтад Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаагийн зүгээс зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн таатай орчныг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан уялдааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо