
ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАЛААЛТ, НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БҮХИЙ АЙЛ ӨРХҮҮДЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР АШИГЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА
Өмнөговь аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд төвлөрсөн суурьшлын бүсийн утаа, агаарын бохирдлыг бууруулах, төвлөрсөн эрчим хүчний сүлжээний ачааллыг багасгах, ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд нарны цахилгаан систем нэвтрүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг боловсруулж байна.
Өмнө нь аймгийн Засаг даргын 2026 оны А/603 дугаар захирамжаар гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдоход зардлын 40–60 хувийн хөнгөлөлт үзүүлэх журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ удаад төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, халаалтаа цахилгаан халаагуур эсхүл нам даралтын зуухаар шийдсэн гэр хорооллын айл өрхүүд нарны цахилгаан систем (түүнтэй хамт суурилуулах батарей хуримтлуурын систем) суурилуулахад хөнгөлөлт үзүүлэх журмыг батлахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд та бүхнийг журмын төсөлд тусгах саналаа идэвхтэй ирүүлэхийг урьж байна.
Цахим санал хүлээн авах хугацаа:
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Танхимаар санал авах нээлттэй хэлэлцүүлэг:
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт Нутгийн удирдлагийн ордны 2-р давхар, Говь танхимд зохион байгуулна.
Иймд иргэд, олон нийт Та бүхнийг нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, журмын төсөлтэй танилцан, санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.