
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театртай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, орон нутгийн 24 мэргэжлийн урлагийн байгууллага болон 330 сум, 7 дүүргийн 242 соёлын төв, ордны нийт 550 ажилтан, албан хаагчийг хамруулсан цахим сургалтыг зохион байгууллаа.
📍Сургалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг “Мэргэжлийн урлагийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, УДЭТ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Г.Амгаланбаатар “Мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги төлөвлөгөө, урын сангийн бодлого”, Улсын хүүхэд, залуучуудын театрын захирал Н.Ариунболд “Олон улсын бүтээлийг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр тоглох боломж” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.
Сургалтын гол үр дүн:
🔸Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын эрх зүйн орчинд шинжилгээ хийж, ерөнхий, үндсэн болон дэд чиг үүргийг аргачлалын дагуу тодорхойлов.
🔸Одоо мөрдөгдөж буй үлгэрчилсэн дүрмийг “Үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” болгон шинэчлэн боловсруулсан төслийн талаар мэдээлэл өгөв.
🔸Үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны харилцан уялдаа холбоог танилцуулж, оролцогчид нэгдсэн ойлголтод хүрэв.
🔸Улсын драмын эрдмийн театрын жишээн дээр урын сангийн бодлогоо оновчтой төлөвлөх арга зүйд суралцаж, төв болон орон нутгийн театрын менежментийн шилдэг туршлагыг солилцов.
🔸Дэлхийн шилдэг тайзны бүтээлүүдийг оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголын тайзнаа амилуулах, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх гарц, боломжуудыг танилцуулав.
🔸Үзэгчдэд хүрэх орчин үеийн сошиал медиа маркетингийн шинэ арга барилтай танилцаж, тайзны гэрлийн найруулга, гэрлийн удирдлагын программчлал, нүүр хувиргалт, парикийн чиглэлээр практик ур чадвараа баяжуулав.