
🇺🇳🇲🇳 Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо 2026 оны 11 дүгээр сарын 9–20-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31) зохион байгуулагдаж байна.
Тус бага хурлын хүрээнд НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хорооноос (UN-GGIM) 2026 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Өөрчлөгдөж буй хүрээлэн буй орчинд орон зайн мэдээллийг ашиглах нь: Уур амьсгалын нөлөөлөл болон гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох нь” сэдэвт арга хэмжээнд тус газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Уянга илтгэл хэлэлцүүлж, панел хэлэлцүүлэгт оролцож байна.
Арга хэмжээний үеэр НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хороо, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр болон Европын сансар судлалын агентлаг (ESA)-ийн төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгуудыг танилцуулж, орон зайн өгөгдөл болон сансрын зургийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боломжийн талаар санал солилцов.
Мөн зохион байгуулагч Бүгд Найрамдах Турк Улс болон сонгогдсон 9 улсын төлөөлөгч илтгэл хэлэлцүүлж, улс орнуудын хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд орон зайн өгөгдлийн гүйцэтгэх үүрэг, салбар хоорондын уялдаа холбоо, найдвартай, хүртээмжтэй өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын ач холбогдлыг онцоллоо.
Монгол Улсын оролцооны хүрээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, орон зайн өгөгдлийн нарийвчлал, чанар, хүртээмж, харилцан ажиллах боломжийг сайжруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх, газрын доройтол болон байгаль орчны өөрчлөлтийг хянах, эрсдэлд суурилсан бодлого, төлөвлөлтийг дэмжих чухал нөхцөл болохыг онцлон танилцууллаа.
Цаашид олон улсын байгууллага, холбогдох улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд суурь өгөгдлөөр хангах төдийгүй, тогтвортой хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад үр дүнтэй ашиглах чиглэлээр туршлага солилцон ажиллах ач холбогдолтой юм.