Жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг Дэлхийн диабеттай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Олон улсын чихрийн шижингийн холбоо (IDF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын санаачилгаар 1991 онд эхлүүлж, 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны тэмдэглэлт өдөр болгон баталгаажуулсан түүхтэй. Энэ өдөр дэлхий нийтээрээ чихрийн шижин өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаардаг.
Дэлхийн диабеттай тэмцэх өдрийг угтан Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Эндокринологийн холбоо хамтран чихрийн шижингийн эрт илрүүлэг, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд чихрийн шижинтэй иргэдэд зориулсан “Чихрийн шижингийн өөрийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалт, олон мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, зөвлөгөөний өдөрлөгийг зохион байгуулж, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эмийн зөв хэрэглээ, цусан дахь сахарын хяналт болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл өглөө.
Чихрийн шижин нь эрт илрүүлж, тогтмол хянаж, зөв удирдсанаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.
Иймд иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээ үнэлүүлэн, цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол шалгуулж, эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлээрэй.
ЭРТ ИЛРҮҮЛЬЕ – ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ – ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ДЭМЖЬЕ!