
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 12 дугаар хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Нутгийн Удирдлагын танхимд боллоо.
Тус хуралдаанд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, ХААШУА-ийн гишүүн, доктор, профессор Б.Батцэцэг “Хүнсний аюулгүй байдал-Малын эм, бэлдмэл, бичил биетний тэсвэржилт: Тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Тэрээр илтгэлдээ хүнсний аюулгүй байдлыг малын эрүүл мэндээс эхлэн хангах шаардлага, малын эмийн үлдэгдэл болон бичил биетний антибиотикт тэсвэржилтийн эрсдэлийг судалгааны үр дүнд тулгуурлан танилцуулав. Мөн малын эм, биобэлдмэлийн импортын хамаарал, дотоодын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, үндэсний эрдэмтдийн боловсруулсан вакцин, оношлуур, эм бэлдмэл, пробиотик зэрэг 50 гаруй нэр төрлийн инновацын бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны дэд бүтэц, хүний нөөцийн чадавхыг онцлон танилцууллаа.
Тус хүрээлэнгийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон оюуны өмч, технологийн нөөцийг үндэсний үйлдвэрлэлд шилжүүлэхэд туршилтын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын дэд бүтэц, хөрөнгө оруулалт, технологи дамжуулалтын үр дүнтэй тогтолцоо шаардлагатай байгааг тэмдэглэв.
Эрдэмтдийн зөвлөл малын эм, вакцин, оношлуур, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нь импортын хамаарлыг бууруулах төдийгүй малын эрүүл мэнд, хүнсний болон биологийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой болохыг онцоллоо.
Тус илтгэлтэй холбогдуулан малын эм, вакцин, оношлуур, биобэлдмэлийн стратегийн ач холбогдлыг төрийн бодлогоор дэмжих, “Нэг эрүүл мэнд” зарчимд суурилсан малын эмийн зохистой хэрэглээ, бичил биетний тэсвэржилтийн тандалт, хүнсний аюулгүй байдлын хяналтыг бэхжүүлэх, малын эмийн дэвшилтэт технологийн үйлдвэрлэл, туршилт, сорил баталгаажуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх, эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх зүй, санхүүгийн дэмжлэг, технологи дамжуулалтын үр дүнтэй механизмыг бүрдүүлэх зэрэг асуудыг тусгасан зөвлөмж гаргахаар боллоо.