
Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо 2026 оны 11 дүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31) болж байна. Уг бага хурлын эхэнд зохион байгуулсан Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг оролцож, үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй харилцан уялдаатай сорилт болохыг онцолж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын хүчин чармайлтыг нэгтгэн эрчимжүүлэх, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын даргын хувиар бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс манлайлан ажиллах болно гэв. Түүнчлэн манай улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд танилцуулсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг дэмжиж, хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Дээд түвшний уулзалтын үеэр UNCCD COP17-ын Дарга Б.Батцэцэг НҮБ-ын холбогдох байгууллагын удирдлага, гишүүн улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, COP17 бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоно.