Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн энэ хугацаанд тус сургууль олон мянган мэргэжилтэн, судлаач, эрдэмтнийг бэлтгэн гаргаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
70 жилийн түүх бол зөвхөн он цагийн хэмжүүр бус, үе үеийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчдийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага, бүтээн байгуулалтын түүх юм.
Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил нь зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг. Энэ утгаараа Нийгмийн эрүүл мэндийн сургууль нь Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Тус сургуулийн хамт олон КОВИД-19 цар тахлын үед эрдэм шинжилгээ, судалгаа, тандалт, оношилгоо, бодлогын шийдвэр гаргах үйл явцад манлайлан оролцож, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг ойн арга хэмжээний үеэр онцоллоо.
Өдгөө тус сургууль нийт 3,200 орчим төгсөгчтэй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн дийлэнхийг бэлтгэн гаргасан байна. Цаашид судалгааны чанар, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ёс зүйтэй, манлайлах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилт дэвшүүлжээ.
Ойн арга хэмжээний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн хамт олонд хандан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, эрүүл хооллолт, боловсролын байгууллагын оролцоо онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллаж ирснээ дурдлаа.
Мөн 2027 оны төсвийн төсөлд ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн үдийн хоолны санхүүжилтийг тусгахад анхаарч ажилласан бөгөөд цаашид 1–12 дугаар ангийн сурагчдыг шим тэжээллэг, халуун хоолоор хангах нь эрүүл ирээдүйг бүтээх урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг онцоллоо.
Боловсролын сайдын зүгээс АШУҮИС болон Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тогтмол зардлыг шийдвэрлэж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораторийг олон улсын жишигт нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Түүнчлэн БНСУ-д бэлтгэх 1,000 эмч, сувилагч, судлаачийн хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг түлхүү хамруулах чиглэлээр анхаарах юм.