🇲🇳 УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2026.11.11/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон бусад хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэд бүтэц, бүтээн байгуулалтын суурь асуудал болсон газрын талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газрын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусган боловсруулж, өргөн мэдүүлсэн байна.
Нэгдүгээрт, улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, атар газрыг тариаланд шилжүүлэх, газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэснээр төрөөс хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй орон нутаг газар олголтоо уялдуулж, давхцал зөрчилгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг тусгасан.
Гуравдугаарт, нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэх асуудлаас гадна тухайн аймаг, сумын харьяалал бүхий газар авч байгаагүй иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгасан.
Дөрөвдүгээрт, авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Тавдугаарт, газрын зориулалт өөрчлөх зэрэг нийслэл болон орон нутагт ялгаатай хэрэгждэг зохицуулалтуудыг нэг мөр болгож, нийслэлээс бусад орон нутаг дахь газрын харилцааны зарим асуудлын тодорхойгүй байдлыг арилгах зохицуулалтууд тус тус туссан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн, дутмаг байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг төсөл шалгаруулах зарчмаар олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох асуудлыг орон нутгаас газрын бодлогоор дэмжих, газар олгох асуудлыг орон нутагт, шат дамжлагыг бууруулах зэрэг ач холбогдолтой талаар хууль санаачлагчаас онцлон дурдлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.