
🇲🇳 Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 39 дүгээр хуралдаан өнөөдөр /2026.11.11/ зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдах 11, гүйцэтгэх 53 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олголоо.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжсэнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтын хүрээнд байгууллагууд чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 206 дугаар захирамжаар “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц” батлагдсан.
Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийж, зохион байгуулалтын нэгж дэх албан тушаал, ажлын байрыг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, батлах зөвшөөрөл авлаа.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, сумын Газрын даамлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, мэргэжил хэсэгт зарим шаардлагатай мэргэжлийн индексүүдийг нэмж тусган шийдвэрлүүллээ.
Ингэснээр салбарын мэргэжилтнүүдийг шатлан дэвших боломжийг бүрдүүлж, зарим орон нутаг дахь нөхөгдөхгүй байгаа шаардлагатай сул орон тооны сонгон шалгаруулалтад зохих мэргэжилтэй иргэдийг өрсөлдөх эрхийг хангаж өглөө.