
АНУ-ын Өмнөд Каролина (South Carolina) мужийн нийгэм, эдийн засаг, ажиллах хүчний хөгжилд голлох үүрэг гүйцэтгэдэг, мэргэжлийн боловсролын хамгийн том систем болох "South Carolina Technical College System"- (SCTCS) -ийн "readySC" тусгай сургалтын хөтөлбөртэй танилцлаа.
Мужийн хэмжээнд ажиллах хүчний нийт хэмжээ ойролцоогоор 2.67 сая гаруй хүнд хүрсэн бөгөөд ажил эрхэлж буй иргэдийн тоо тогтмол өсөлттэй байна. Тус муж нь "BMW", "Volvo" зэрэг дэлхийн хэмжээний автомашин үйлдвэрлэгчид болон тэдгээрийн сэлбэг нийлүүлэгч томоохон компаниудын төвлөрсөн бүс юм. Мөн агаарын тээврийн чиглэлээр "Boeing" компани томоохон үйлдвэрлэл явуулдаг.
Өмнөд Каролина муж нь шинээр хөрөнгө оруулалт хийж буй болон үйл ажиллагаагаа өргөжүүлж буй компаниудад зориулж Техникийн коллежийн систем болон "readySC" хөтөлбөрөөрөө дамжуулан ажиллагсдыг үнэ төлбөргүйгээр сургаж бэлтгэдэг. Энэ нь ажил олгогчдод чадварлаг боловсон хүчин олж авах, иргэдэд тогтвортой ажлын байртай болох хамгийн гол гүүр болж өгдөг байна.
"readySC" хөтөлбөрт жилд хамрагдах суралцагчдын тоо нь тухайн жилд мужид шинээр орж ирж буй хөрөнгө оруулалт, компаниудын өргөжилт, үйлдвэрүүдийн ажлын байрны захиалгаас шалтгаалан дунджаар жил бүр 4,000 орчим хүнийг (зарим жилүүдэд 4,600-5,800+ хүртэл) шинээр сургаж бэлтгэдэг. Энэ хүрээнд 80–135 орчим өөр компанитай хамтран ажиллаж, тэдний тусгай захиалгат сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.
Компани бүрийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны онцлог, шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, арга зүйг тухайн компанитай хамтран боловсруулдаг. Энэ нь шинээр ажилд орж буй хүмүүс компани дээр очиход шууд ажиллах чадвартай болоход тусалдаг байна.