
“МонПЭН санаачилга” нь Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчин (ХБӨ), ялангуяа зүрх судасны өвчин, тархины харвалт зэргээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлд суурилсан менежментийг сайжруулахад чиглэдэг.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/ HEARTS)-ийг Төв аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх зорилготойгоор ЭМЯам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран арга зүйн 3 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч, дотоод шүүрлийн их эмч, өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, нийт 74 хүн оролцож байна.
Сургалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд ашиглах зүрх судасны өвчний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (HEARTS)-ыг танилцуулж, мөн зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээ, менежмент, чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ, оношилгоо, менежмент, хүндрэлийг эрт илрүүлэх, чихрийн шижингийн эмнэлзүйн тохиолдол дээр бүлгээр дадлага ажиллах юм.
“МонПЭН санаачилга” хэрэгжүүлсэн бусад аймгуудад тархины харвалтаас шалтгаалсан нас баралт 2,5 дахин буурах, шинэ тохиолдлын тоо 1,2 дахин буурсан амжилтыг үзүүлсэн байна.
• Төв аймагт сүүлийн 5 жилийн статистик мэдээгээр ХБӨ жилд дунджаар 112700 бүртгэгддэг ба үүнээс зүрх судасны шалтгаант өвчлөл 22.5 хувийг эзэлж байна.
• 2026 оны 10 сарын байдлаар зүрх судасны өвчнөөр 20678 иргэн бүртгэгдсэн буюу 10000 хүн амд 2250,97 промиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 630,94 промилиор өссөн байна.
Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц “МонПЭН санаачилга” хэрэгжүүлж эхэлж байгаа нь цаг үеэ олсон, аймгийн иргэдийг зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.