
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АНУ-ын Өмнөд Каролина мужийн Техникийн коллежийн системийн дэргэдэх “Apprenticeship Carolina” хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Аманда Ричардсонтой уулзлаа.
Уулзалтаар мэргэжлийн боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар эзэмшүүлэх сургалтын тогтолцоо, ажил олгогчдын оролцоо, түншлэлийн талаар санал солилцлоо.

Өмнөд Каролина мужийн Техникийн коллежийн систем нь төрийн өмчийн 16 коллежийг нэгтгэж, иргэдэд мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмших, мэргэших, ур чадвараа дээшлүүлэх, улмаар дээд боловсролын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломж олгодог.
Тус системийн зорилго нь сургалтын байгууллага, ажил олгогч, төрийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилтэй уялдсан мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэдэг.
Энэхүү системээс хэрэгжүүлдэг “Apprenticeship Carolina” хөтөлбөр нь суралцангаа цалинтай ажиллах зарчимд суурилдаг бөгөөд суралцагчид ажлын байранд туршлагатай ажилтны удирдлага дор дадлага хийдэг.
Мөн мэргэжлийн онолын сургалтад хамрагдаж, ур чадвар нь ахих тусам цалин хөлс нь нэмэгдэн, сургалтаа амжилттай төгссөнөөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн чадамжийн гэрчилгээ авах боломжтой ажээ.
Энэхүү хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжил эзэмших болон ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй иргэдэд үйлдвэрлэл, барилга, эрүүл мэнд, мэдээллийн технологи, эрчим хүч, тээвэр, үйлчилгээ зэрэг олон салбарт цалинтай дадлагажих боломж олгодог байна.
Нөгөөтэйгүүр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн үйл ажиллагаа, технологийн онцлог, ажлын байрны хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн ажилтан бэлтгэх боломж олгодог.
Ингэснээр ажилтны ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний тогтвортой байдлыг дэмжих, шинэ ажилтан сургах зардлыг бууруулах, байгууллагын хүний нөөцийн залгамж халааг бүрдүүлэх давуу талтай байдаг ажээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжүүд мужийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.
Энэ нь мэргэжлийн боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээтэй уялдуулах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.