
Төв аймгийн боловсролын салбарын хөгжил, шинэчлэл, өнөөгийн байдал болон цаашдын зорилтыг хэлэлцэх, багш ажилтнуудын санал хүсэлтийг сонсох уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Боловсролын сайдын зөвлөх П.Оюунаа, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Боловсролын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж, Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын яамны боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын ахлах шинжээч Э.Адъяасүрэн, Бодлогын газрын ахлах шинжээч А.Цолмон, Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ц.Мөнхсанчир, Боловсролын ерөнхий газрын Захиалагчийн хэлтсийн дарга Н.Амарбаяр, Хөрөнгө оруулалтын санхүүжилт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул болон сумдын бүх шатны боловсролын байгууллагын удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид оролцож байна.
Уулзалт, хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгаас боловсролын талаар баримталж буй бодлого, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үүний дараа УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлж, уулзалт хэлэлцүүлэгт амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, мэдлэг туршлагаараа тэргүүлсэн:
1. Зуунмод сумын Хүмүүн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ариунаа
2. Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш С.Янжмаа
3. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Ө.Ганчимэг,
4. Баянмандмань сумын Политехник коллежийн сургалтын менежер Н.Чимэддорж
5. Төв Политехник коллежийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Сувд нарт “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
Мөн Боловсролын салбарын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан багш, удирдах ажилтан, албан хаагчдад “Ардын боловсролын Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Боловсрлын яамны “Хүндэт жуух бичиг”-ийг гардуулсан юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Боловсролын сайдын зөвлөх П.Оюунаа “Багшийн гурван тулгуурт бодлого” сэдвээр, Боловсролын яамны боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын ахлах шинжээч Э.Адъяасүрэн “2027 оны төсөв, төсвийн шинэчлэл” сэдвээр, Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ц.Мөнхсанчир “Цахим боловсрол”-ын талаар танилцуулга мэдээлэл хийж, аймгийн боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, багш, удирдах ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлаар асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.