
“ЯЛАЛТЫН МАРШАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуковын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан “ЯЛАЛТЫН МАРШАЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд зохион байгууллаа.
Уг хурлын онцлог нь ОХУ-ын Пермийн хязгаарын эрдэмтэн, доктор, профессорууд цахимаар оролцож, тус хязгаарын Улсын архивд хадгалагдаж буй, олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй шинэ баримт, мэдээллийг танилцуулсанд оршиж байв. Мөн маршал Г.К.Жуковын Халхын голын байлдаан болон Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулахад гүйцэтгэсэн үүрэг, цэргийн урлагт оруулсан хувь нэмрийг онцлон, Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг мушгин гуйвуулахаас сэргийлэх, архивын баримт, эрдэм шинжилгээний судалгаанд үндэслэн түүхэн үнэнийг залуучуудад өвлүүлэн таниулахад чиглэсэн юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Халхын голын нутаг дэвсгэрт явуулсан Орос-Монголын хамтарсан эрэл хайгуулын ажлын үр дүнд 1939 онд Пермь хязгаараас цэрэгт татагдан, 57 дугаар онцгой корпусын 82 дугаар буудлагын дивизид алба хааж яваад амиа алдсан 11 дайчны шарилыг илрүүлсэн билээ. Улмаар тэдний шарилыг төрөлх Пермь нутагт нь оршуулахаар шилжүүлэн өгөх ажлыг хоёр улсын хооронд анх удаа амжилттай зохион байгууллаа.
Уг хурал нь Орос, Монголын болон бүс нутгийн (Пермь хязгаарын) эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинээр илэрсэн архивын баримт, судалгааны эргэлтийг харилцан солилцох, хүрээгээ тэлэх шинэ боломжуудыг бий болгож байна гэж хуралд оролцсон судлаачид дүгнэв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БХЯ, ҮБХИС, БХЭШХ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, ОХУ-ын Пермийн хязгаарын Амбан захирагчийн ажлын алба, Пермийн хязгаарын Архивын хэрэг эрхлэх газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.
Хурлын үйл ажиллагааг Монгол цэргийн музейн захирал, хурандаа Р.Эрдэнэбилэг нээж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын гуч охин Варвара Кирилловна Ерохина, ОХУ-ын Пермь хязгаарын Засаг даргын Тамгын газрын Олон улсын харилцааны хэлтсийн дарга Дмитрий Ростиславович Иванов нарын ирүүлсэн баярын мэндчилгээг тус тус уншиж танилцуулсан юм.
Хурлын үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”-үүдийн тэргүүн, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Халхын голын дайны сувилагч, цорын ганц амьд гэрч, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн, Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейн захирал А.Чинбаян, 1939 оны Халхын голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхэд, залгамж халааг нэгтгэсэн төрийн бус байгууллагын тэргүүн, БНМАУ-ын баатар Дүүдээгийн Билэгсайхан нарын албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.
Хурлыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч-тайлбарлагч, дэд хурандаа Д.Амартайван хөтлөн нээж, модератороор Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга асан, хошууч генерал З.Болдбаатар ажиллаж, удирдан явуулав.
Тус хуралд Монголын талаас 8, Оросын Холбооны Улсын талаас 6 эрдэмтэн, доктор, судлаач илтгэл тавьж, цахим хэлбэрээр нээлттэй асуулт хариулт өрнүүлэн хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Нийт 25 илтгэл ирүүлснээс хуралд Монголын талаас дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
• Хурлын үндсэн илтгэл: “Зөвлөлтийн цэргийн Армийн I бүлгийн командлагч, корпус командлагч Георгий Жуков” сэдвээр доктор, дэд профессор Лха.Баяр;
• “Ялалтын маршал – Барууны ертөнцийн нүдээр” сэдвээр ҮБХИС-ийн доктор (Ph.D), дэд хурандаа Т.Сүхбаатар;
• “Г.К.Жуковын Халхын голын дайны түүхэнд мөнхөлсөн дурсгалт газрууд” сэдвээр Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейн захирал А.Чинбаян;
• “Халхын голын байлдаанд Пермь нутгийн дайчдын холбогдох баримтын тойм” сэдвээр Батлан хамгаалахын төв архивын ахлах мэргэжилтэн, ахмад О.Батцэцэг;
• “Түүхэнд мөнхөрсөн жанжин Г.К.Жуков” сэдвээр Монгол цэргийн музейн куратор С.Лхамсүрэн;
• “Халхын голын дайнд Г.К.Жуковын оруулсан хувь нэмэр, Монголын цэргийн урлагт үзүүлсэн нөлөө” сэдвээр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэслэгч С.Дөлгөөн;
ОХУ-ын талаас:
• “Дурсамж – түүхийн дипломат ажиллагаа: Халхын гол ба Г.К.Жуков Орос-Монголын харилцаанд (2009–2024)” сэдвээр Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн ахлах багш Хомушку Айслан Маадырович;
• “1936 оны Зөвлөлт-Монголын харилцан туслалцах протокол: Түүний дүгнэлтийн шалтгаан ба түүхэн ач холбогдол” сэдвээр Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн I дамжааны оюутан Павел Дмитриевич Ефремов;
• “Түүхийн үнэнийг хадгалах, амь үрэгдсэн баатруудын нэрийг алдаршуулах” сэдвээр Евразийн Эдийн Засгийн холбооны Иргэний танхимын Олон улсын харилцаа, дипломатын хорооны дарга, ОХУ-ын Евразийн Хөдөлгөөний дарга, Пермийн Улсын Хүмүүнлэгийн болон Багшийн Их Сургуулийн Вернадскийн нэрэмжит Евразийн судалгааны төвийн захирал, түүхийн ухааны доктор, дэд профессор Олег Вадимович Лушников;
• "Халхын голын нутагт өрнөсөн байлдааны газар оронд Оросын эрэл хайгуулын хөдөлгөөний явуулсан ажил" сэдвээр А.С.Пушкины нэрэмжит Чердын орон нутгийн түүхийн музейн боловсролын үйл ажиллагааны арга зүйч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Екатерина Александровна Котельникова;
• “1960-1980-аад оны Халхын голын баатруудын дурсгалыг хадгалах нь (Пермийн хязгаарын Улсын архивын баримт бичигт үндэслэсэн)” сэдвээр Пермийн хязгаарын Улсын архивын Шинжлэх ухаан, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд захирал, улс төрийн шинжлэх ухааны доктор Елена Валентиновна Шестакова;
• "Хасан нуур болон Халхын голд явагдсан зэвсэгт мөргөлдөөнд оролцогсдын тухай Пермийн Улсын нийгэм-улс төрийн түүхийн архивын мэдээллийн нөөцөөс" сэдвээр Пермийн улсын нийгэм-улс төрийн түүхийн архивын судалгаа, лавлагааны хэлтсийн дарга Инна Юрьевна Федотова;
• "Халхын голын Мотовиликагийн их буунууд" сэдвээр Пермийн улсын нийгэм-улс төрийн түүхийн архивын судалгаа, лавлагааны хэлтсийн ахлах археологич Михаил Леонидович Гриф нар тус тус илтгэлээ танилцууллаа.
Ийнхүү эрдэм шинжилгээний хурал нь өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, Монгол, Оросын ард түмний найрамдалт харилцаа, цэргийн хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг судлан сурталчлах, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын түүхэн гавьяа, Халхын голын байлдааны түүхэн сургамжийг хурлын хүрээнд хэлэлцэх, хоёр улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж эрдэмтэд үзлээ.
Хуралд оролцож, эрдэм мэдлэг, судалгааны бүтээлээ хуваалцсан эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтнүүд болон хамтран зохион байгуулсан байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье