
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД АХМАДУУД БОЛОН АЖИЛТНУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
Саяхан Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсаныхаа 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус музей нэгэн жаранд бүтээсэн түүх, ажлын амжилтаа үзэгч түмэндээ “Монгол цэргийн музей нэгэн жаранд” гэрэл зургийн үзэсгэлэн дэглэж, түүхийн ном бүтээн тайлагнахын зэрэгцээ ойдоо зориулан аж ахуй бүтээн байгуулалтын олон төрлийн ажлыг хийлээ.
Үүний нэг нь музейн ахмадын зөвлөлийн санаачлага, хөрөнгө оруулалт, музейн удирдлагын дэмжлэгээр “Ахмадууд болон ажилтнуудын хөгжлийн төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд хүлээлгэн өглөө.
Музейн ашиглаж байсан цайны өрөөг засвар хийж тохижуулан “Кофе шоп”, “Хооллох хэсэг”, “Дасгалын өрөө” гэсэн 3 хэсэгт хуваагдан ахмадууд, ажиллагсадын чөлөөт цагаа өнгөрүүлэх, зочид хүлээн авах боломж бүрдүүлсэн байна.
“Кофе шоп”-ын хэсэгт нэг удаадаа 8 хүн сууж үйлчлүүлэх боломж бүхий тохилог ширээ, сандал кофены машин, цайны иж бүрэн хэрэгсэл, шатар, хөзөр зэрэг тоглоомууд байх бөгөөд музейд зочилсон хүмүүс телевиз үзэнгээ намуун хөгжим сонсон кофе, цай ууж уулзалт яриа өрнүүлэх, ахмадууд музей дээрээ ирж шатар, хөзөр тоглох таатай тохитой орчин бүрджээ. Цай кофены хэрэгсэл, аяга, таваг, халбага бусад хэрэгслийг ахмадууд маань өөрсдийн санаачлагаараа бүрдүүлж музейн ойн өдрөө албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
“Хооллох хэсэг”-т ажиллагсад өөрсдөө хоолоо хийж идэх, гэрээсээ авч ирсэн зүйлээ халааж идэх бололцоотой хөргөгч, печь зэргийг байрлуулсан. Аяга таваг, сав суулгаа угааж цэвэрлэх угаалтуур, угаалтын хэрэгсэл сэлт ч бүрэн байгаа юм.
Олон цагаар компьютерийн ард суудаг ажилтнууд, завгүй хөдөлмөрлөдөг үйлчилгээний хүмүүс маань “Дасгалын өрөө”-нд гүйлтийн зам, дугуйгаар алжаалаа тайлж биеийн чилээгээ гаргах боломжийг ч удахгүй нээж өгөх нь ээ.
Ийнхүү түүхт ойн бүтээлч ажлын нэг хэсэг болох “Ахмадууд болон ажилтнуудын хөгжлийн төв” үүдээ нээлээ. Цаашид эрүүл цэвэр хөнгөн зууш, ундаагаар ч үйлчилж ажилтнуудынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж, цаг завыг хэмнэх боломж нээгдэж байгааг ахмадууд маань онцолж байна.