
Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “K-GEO FESTA 2026” олон улсын орон зайн мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэнгээр геодези, зураг зүй, газрын кадастр, орон зайн мэдээллийн дэд бүтэц, хиймэл оюун ухаан, гурван хэмжээст орон зайн мэдээлэл, дижитал ихэр болон байршилд суурилсан үйлчилгээний чиглэлээрх дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний нөөц, цахим засаглал хариуцсан дэд дарга С.Тэнгис, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын төлөөлөгчидөд үзэсгэлэнд оролцогч орон зайн мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, инновацын шийдэл, туршлагыг танилцууллаа.
Тухайлбал, замын нэр, барилгын дугаарын тэмдэглэгээ, QR код болон LED гэрэлтүүлэгт суурилсан ухаалаг хаягийн тэмдэг, орон зайн мэдээллийн платформ, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаанд суурилсан технологи, агаарын зураг авалт, орон зайн өгөгдөл бүрдүүлэлт, гурван хэмжээст загварчлал, дижитал ихрийн технологийн шийдлүүдтэй танилцаж, тэдгээрийн хэрэглээ, нэвтрүүлэлтийн талаар мэдээлэл авлаа.
“K-GEO FESTA 2026” олон улсын үзэсгэлэн нь орон зайн мэдээллийн салбарын олон улсын дэвшилтэт технологи, сайн туршлагыг судлах, тэдгээрийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, геодези, зураг зүй, газрын кадастр, хаягжуулалтын чиглэлээрх хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.