
Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт зочиллоо. Энэ үеэрээ хүүхэд, багачуудын сурч боловсрох, хөгжих боломжийг дэмжиж сурлага, авьяас чадвараараа бусдыгаа манлайлж байгаа 27 сумын 31 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад БНХАУ-ын “Элчин сайдын тэтгэлэг”-ийг гардуулан өгсөн юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли Төв аймагт анх удаа зочилж байгаа бөгөөд аймгийн удирдлагууд түүнийг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, өргөжүүлэх талаар санал солилцлоо.