
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөр ахлуулсан баг бүрэлдэхүүн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Засаг дарга Лю Фэн Юнь болон холбогдох удирдлагуудтай уулзаж хоёр талын эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчин, ойжуулалт болон боомтын үйл ажиллагааны чиглэлд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд эрүүл мэнд, уламжлалт монгол анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор ирэх онд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, эмч мэргэжилтнийг сургах, үзлэг зохион байгуулах, эмийн ургамлыг тарималжуулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил зохион байгуулахаар тохиролцов.
Мөн хоёр тал хил дамнасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хүрээнд жуулчны аяллын маршрут, аяллын нөхцөл, хоол хүнс, үйлчилгээний боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг гарган ажиллахаар болов. Түүнчлэн мото аялал, авто ралли зэрэг тусгай зориулалтын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хилээр нэвтрэх, визийн урьдчилсан мэдүүлэг болон жуулчдад тулгардаг хүндрэлтэй асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэхээр боллоо. Тус ажлууд нь эдийн засгийн шинэ эх үүсвэрийг бий болгох боломжтойг талууд онцолж хамтарсан сурталчилгаа, маркетингийн арга хэмжээг зохион байгуулан олон жил яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг уулзалтаар онцоллоо. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэв. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүн, бензин, дизель түлш зэрэг шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортын асуудлыг шуурхай шийдвэрлэхэд Альшаа аймгийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Альшаа аймгийн талаас Өмнөговь аймгаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлт тавилаа. Үүнтэй холбоотойгоор мал, махны экспортын боломж, мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, бүтээгдэхүүний стандарт, шаардлагатай зөвшөөрөл болон тээвэр ложистикийн асуудлыг холбогдох байгууллагуудын түвшинд яаравчлуулж, бодит ажил хэрэг болгох шаардлагатайг онцлов.
Альшаа аймгийн хувьд хос бөхт тэмээний тоо толгойгоо 100 мянга давуулсан амжилт бүтээхдээ зохиомлоор үр суулгах, хөлдөөх зэрэг орчин үеийн биотехнологийн аргыг ашиглажээ. Мөн тэмээ маллах уламжлалт арга барилыг фермерийн аргатай хослуулан, хос бөхт тэмээнээс гарч буй ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор 54 нэр төрлийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн гарган авсан байна. Дээрх чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн талаас тэмээ судлалын төв, лабораторийн чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа дурдаж хамтран ажиллах санал солилцов.
Өмнөговь аймаг, Альшаа аймаг нь газар зүйн бүтэц, цөлөрхөг байдлаараа ижил төстэй. Энэ чиглэлээр цөлийн бүсийн экологийн нөхцөлд тохирсон мод, ургамлыг нутагшуулах, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар Альшаа аймгийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа манай аймгийн төлөөлөгчид илэрхийллээ. Тухайлбал, заг болон цагаан гоёог тариалж ургуулах, цөлийн бүсэд дасан зохицох чадвартай ургамлын төрөл зүйлүүдийг нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр хамтран ажиллах санал гаргав. Альшаа аймгийн талаас хотын ногоон байгууламжийг төлөвлөх, арчлах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм. Үүнд: Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод, ургамал тарих байршлыг тогтоох; Хот суурин газрын ашиглалтгүй талбайг ногоон байгууламж болгон хөгжүүлэх; Ногоон байгууламжид тохиромжтой мод, ургамлыг сонгон тариалж, тогтмол арчилгаа, үзлэг шалгалт хийх; Харшил үүсгэдэг ургамлын тархалтыг бууруулах; Хотын эртний болон үнэ цэнтэй моддын хамгаалалтыг нэмэгдүүлж, жил бүр тооллого, судалгаа хийх, QR код бүхий мэдээллийн сан бүрдүүлэх; Мэргэжлийн техникийн баг бүрдүүлж, сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. Энэ чиглэлээр Өмнөговь аймгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, гоёо тариалалтын арга технологийг харьцуулан судлах, Монгол Улсын цөлөрхөг бүсийн хөрс, уур амьсгалд тохирох эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны 35 жилийн ой ирэх онд тохиож байгааг онцолж, нэр бүхий 35 ажил хамтран хэрэгжүүлж ажиллахаар тогтов. Чингэхдээ хоёр тал салбар тус бүрээр нарийвчилсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх 30 жилд ч харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа харилцан илэрхийллээ.