
Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрт тусгах, нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, цахим хурлыг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилт болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой “Иргэний танхим” шинээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашдын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бодитой нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад тусгах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар санал, байр сууриа хуваалцсан юм.
Цаашид шинээр ашиглалтад орсон “Иргэний танхим” нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, иргэдийн санал бодлыг сонсох, оролцоог дэмжих, хамтын шийдэлд хүрэх талбар болон ажиллах юм.