
Сангийн яамнаас ЗГДҮЦ-ны хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, арилжааны үр дүн болон ирэх улирлын арилжааны хуваарийг танилцуулах зорилготой улирал бүр хийдэг ээлжит уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх ЗГДҮЦ-ны арилжааны үр дүн, 2026 оны шинэчлэн батлагдсан Засгийн газрын зээллэгийн төлөвлөгөө болон 2026 оны 11, 12 дугаар саруудын арилжааны хуваарийг танилцууллаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шинээр 1 их наяд төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар баталсан бөгөөд үүний дагуу Сангийн сайдын тушаалаар 2026 оны 11, 12 дугаар саруудад 2-10 жилийн хугацаатай нийт 480.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нээлттэйгээр арилжаалахаар төлөвлөсөн. Түүнчлэн хоёр долоо хоногт нэг удаа хийгдэж байсан арилжааг долоо хоног тутам зохион байгуулахаар төлөвлөөд байна.
ЗГДҮЦ-ны нээлттэй арилжаа 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин явагдаж эхэлснээс хойш нийт 68 удаагийн арилжаа хийгдсэн бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар 383.8 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нээлттэй хэлбэрээр арилжаалаад байна.
ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны систем (www.bond.mse.mn)-ээр дамжуулан явуулж байгаа бөгөөд ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар тогтмол авах боломжтой.