
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2042 айлын орон сууцны барилга, угсралтын ажил дуусч ашиглалтад оруулахад бэлэн болсон. Энэхүү 2042 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулахаар тогтсон. Ингэхдээ энэ ажлыг ТОСК ТӨХХК явуулахгүй арилжааны банкуудаар хийлгэх шийдвэр гаргасан тухай Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийнхэнтэй уулзаж 100.000 айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Солонго 1, 2 төслийн сонгон шалгаруулалтад төр оролцохгүй. Арилжааны банкууд тогтоосон шалгуур, иргэдийн бодит хэрэгцээнд үндэслэн бүртгэл, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулна” гэж мэдэгдлээ. Энэхүү төсөл нь нийт 5002 айлын 66 блок барилгатай байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.