
МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СТРАТЕГИЙН ХУДАЛДААНЫ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
◾️Монгол Улсын гаалийн байгууллагын төлөөлөл АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр (EXBS)-ийн Бүсийн зөвлөх Ноён Рансом Ж. Авилла, хөтөлбөрийн менежер Хат. Жессика нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
◾️АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөр (EXBS) нь Монгол Улсын гаалийн байгууллагатай экспортын хяналтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хил, гаалийн байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хилийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, олон улсын туршлага солилцох сургалт, хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажилладаг.
◾️Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны үр дүнд Монголын гаалийн байгууллагын нийт 500 орчим албан хаагчид хууль бус бараа, эд зүйлсийг илрүүлэх мэдлэг, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд түүнчлэн хоёрдмол зориулалттай барааг таних, галт зэвсэгтэй аюулгүй харьцах, ажиллах дадлага эзэмшүүлэх симуляц сургалтын танхимыг байгуулан, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
◾️Цаашид Талууд гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хилийн аюулгүй байдал, стратегийн худалдааны хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
◾️Уулзалтын төгсгөлд Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй АНУ-ын Төрийн департамент болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд талархал илэрхийллээ.