
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршигч багш нарыг хүлээн авч уулзлаа. Аймаг, нийслэлийн зургаан сургуулийн 30 багш ахлах ангийн сурагчдад зориулсан “Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршихаар Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байгаа юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нартай уулзах үеэрээ “Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, мэдрэмжүүдийг сургуулийн ахлах ангиас нь эхэлж, хүүхдүүддээ зааж, төлөвшүүлэх ёстой. XXI зууны иргэдэд академик мэдлэг биш асуудлыг тунгаадаг, шүүдэг, эргэцүүлдэг чадвар амин чухал байна.
Үндсэн хуульд заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшин хариуцлагатай иргэд болдог. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлнэ. Сурагчдад хүний эрхийн талаарх ойлголтыг лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд үндэслэн хийвэл хүүхдийн тунгаан бодох, бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хичээлийн явцад хүүхдээ ажиглаж, бүтээлч, судлаач багш байхыг хүсэж байна” гэлээ.
Боловсролын яамнаас “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогыг хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль-/ ЭНХАУС/-ийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд энэ хичээлийн жил сургууль, цэцэрлэгт суурилсан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж, сургууль дээр өдөр бүр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөр хэрэгжиж байна.
Түүнчлэн хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг хааж, ариун цэврийн байгууламжтай болгосон. Энэ бүхэн эрүүл сургууль буюу хүний, хүүхдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл орчинд сурч, боловсрох эрхийг олгож байгааг сайд Л.Энх-Амгалан уулзалын үеэр онцоллоо.
“Бидний эрх-Бидний амьдралд” гарын авлагыг туршигч багш нар тус сургалтаар ахлах ангийн сурагчдад хүний эрх, үүргийн талаар мэдлэг, ойлголтыг зөвхөн нийгмийн ухааны хичээлээр бус бусад хичээлүүдтэй уялдуулан зааж, сургах талаар санал солилцож, мэдлэгээ хуваалцсан байна.