
Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Зуунмод хотын дулаан хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, инженерийн дэд бүтцийг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлсэн халаалтын 5 дугаар хэсгийн иж бүрэн шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, "Төв Чандмань" ДЭХГ-ын хамт олон, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, "Эн Ар Жи Эм" ХХК-ийн удирдлага, хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Халаалтын 5 дугаар зуухны хуучин янданг халж, шинээр 4.2 болон 2.8 МВт хүчин чадалтай 2 усан халаалтын уурын зуухыг суурилуулж, нүүрс тэжээх, үнс зайлуулах автомат удирдлагын системийг шийдвэрлэсэн нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгааг оролцогчид онцолсон.
Уг бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэсэн бол барилгын гүйцэтгэгчээр "Эн Ар Жи Эм" ХХК-ийн хамт олон ажиллалаа.